“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Энэхүү уралдааны 8-11 дүгээр ангийн сурагчдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Н.Анхмааг онцоллоо. Түүний хувьд тавдугаар анги төгссөн зуны амралтаараа эмээгээрээ монгол бичиг заалгаж, тасралтгүй гурван жилийн турш энэ тэмцээнд оролцож, өнөөдөр тэргүүн байр эзэлсэндээ баяртай байгаа талаараа хуваалцлаа.
Тэрээр “Би Дундговь аймгийн лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн Алтанзул багштай 10б ангид суралцдаг. Эмээ маань хэл, уран зохиолын багш. Тавдугаар анги төгссөн зуны амралтаараа эмээгээрээ монгол бичиг заалгаж байлаа. Ингээд сургуулийнхаа “Арга билиг” клубт элсэж, илүү сайн сурсан. Энэ тэмцээнд гурав дахь удаагаа оролцож, өнөөдөр тэргүүн байрын шагнал авсандаа маш их баяртай байна. Анх монгол бичиг зааж өгсөн эмээдээ баярлалаа, хайртай шүү, урт наслаарай гэж хэлмээр байна.
Үндэсний бичгээрээ бичихээр тайвшрал мэдэрдэг. Яагаад ч юм цаанаасаа л бахархах мэдрэмж төрдөг. Монгол бичиг сурсан нь надад тэвчээр, хатуужил суулгасан. Тиймээс би үргэлжлүүлэн суралцаж, бусад үе тэнгийн найзууддаа, дүү нартаа түгээсээр байх болно” гэв.
Н.Анхмаагийн багш Дундговь аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Баттогтох “Энэ тэмцээнд монгол бичгийн төрөолд 12 дахь жилдээ хүүхдүүдээ оролцуулж байна. Үндэснийхээ босоо бичгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд “Арга билиг” гэдэг монгол бичгийн клуб санаачлан, клубынхаа хүрээнд 2015 оноос “Монголын сайхан бичигтэн” тэмцээнд тасралтгүй оролцож байна.
Босоо монгол бичиг мянга гаруй жилийн өмнө хэрэглэгдэж байгаад мянган жилийн дараа бидэнд хэрэглэгдэж буй оюуны сангийн үнэт өв. Тэр ч утгаараа монголчууд бид хэл соёлоо дэлгэрүүлж, 2025 оноос хос бичигт шилжих гэж буйтай холбогдуулан төрийн албан хаагчид, сурагчид гээд бүх насны хүмүүс монгол бичиг сурдаг болсон байна.
Жил жилийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд өргөн дэлгэр болж, оролцогчдын хүрээ тэлж байна. Энэ жилийн хувьд хорих ангиас оролцогчид оролцож байгаа нь онцлог байна. Үйл ажиллагаа маань улам өргөн дэлгэр үндэснийхээ бичиг соёлыг хаана ч сурах боломжтой байна байгаа нь бахархалтай байлаа.
Улс үндэстний хамгийн гол дархлаа бол хэл соёл байдаг. Хэл соёлоо түгээн дэлгэрүүлж байж улс үндэстэн маань улам бэхжиж, улам батжиж, ирээдүй маань улам сайн хөгжих учиртай юм” гэв.
Н.Анхмаагийн эмээ н.Цэнджав “Би монгол хэл, уран зохиолын багш. Анхмаа маань миний анхны том зээ охин. Охин маань олон улсын монгол бичгийн уралдаанд түрүүлсэн явдалд маш их баярлаж байна. Үнэхээр миний амьдралд өдрийн од шиг маш ховор баяр тохиож байгаад маш их баяртай байна.
Үндэсний бичгийг зургаадугаар ангиас эхэлж заадаг. Би охиндоо тавдугаар анги төгссөн зуны амралтаар нь монгол бичиг зааж эхэлсэн. Миний охин ч уйгагүй хөдөлмөрч. Хөдөлмөрийнхөө үр дүнд өнөөдөр ийм амжилтад хүрч байна. Одоогийн хүүхдүүд эх хэл, үндэсний бичигтээ сайн суралцаж байна. Нэг үеэ бодвол бас их сонирхдог болсон байна.
Үндэсний бичиг сурах нь яагаад чухал вэ гэхээр бид монгол хүн. Монгол хүн үндэсний бичгээ сурахгүй бол монгол гэдэг нэр утгаа алдах гээд байна. Босоо бичиг гэдэг дэлхийд хаана ч байхгүй ганцхан бичиг. Бид монгол хүн гэж хэлэхээс гадна бичгээрээ ч монгол гэдгээ тодорхойлох нь чухал” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.