
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн намын хорооны дарга Л.Энхболд, Цогтцэций сумын намын хорооны дарга Ц.Ууганцэцэг, дэд дарга Д.Түвшинжаргал, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Цогтцэций суманд энэ зургаадугаар сарын 16-нд ажиллав.

Өмнөговийн зарим нутгаар шөнөдөө бороошиж хоножээ. Говьчууд бороо орохоор тэнгэрийн хишиг хэмээн сүсэглэн баярладаг аж. Таана, хөмүүл ногоорч, байгаль дэлхий зуны өнгөө дэлгэж эхэллээ. Өглөөний агаарт борооны үнэр хамар цоргин, салхины аясаар үе үе шинэ ногооны үнэр сэнхийнэ.


Монгол Ардын намын ахмад гишүүн, улсын аварга адуучин А.Сэдваанчиг, намын ахмад гишүүн Г.Дамчий, Г.Батчулуун нарт тус тус хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын гавьяат уурхайчин, аварга тариаланч Г.Дамчий гуай “Төр, засгийн ажил сайн явж байна. Тэр дундаа манай сум аймгийн дайтай хөгжсөнийг та бүхэн харж байна” гэсэн бол намын ахмад гишүүн Г.Батчулуун “Ерөнхий сайд тэтгэвэр нэмнэ гэж байна. Би улсад 32 жил ажилласан. Олон жил ажилласан нь илүү өндөр тэтгэвэр авна гэсэн Ерөнхий сайд Н.Учралын бодлого маш зөв. Монгол Ардын намын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар ажиллаад удаагүй ч ажил хийхийн төлөө зүтгэж байна. Сөрөг хүчин зөвийг нь дэмжиж, бурууг нь засаад явахгүй байна. Ажлыг нь хийлгэхгүй шууд “Огцор” л гэх юм. Залуу хүнийг дэмжих хэрэгтэй. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болдоггүй” хэмээн ярилаа.


Энэ өдөр тус аймгийн Цогтцэций сумын намын гишүүд дэмжигчидтэй уулзалт хийж, тэдний саналыг сонслоо.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр уулзалтын үеэр Монгол Улс сүүлийн 10 жилд юу хийж бүтээсэн бэ гэсэн асуулт их ирж байгаа тул Монгол Улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарч, ямар бүтээн байгуулалт өрнөснийг статистик мэдээлэлд харьцуулан тайлбарласан юм.
2015 онд нэг хүнд ногдох ДНБ 3900 ам.доллар байсан бол 2025 онд нэг хүнд ногдох ДНБ 7200 ам.доллар болжээ. Монгол Улсын эдийн засаг 2015 онд 23 их наяд байсан бол 2025 онд 90 их наяд болж, гурав дахин тэлсэн. Экспорт 2015 онд 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 16.8 тэрбум ам.доллар болж, дөрөв дахин нэмэгджээ” хэмээн уулзалтад оролцсон намын гишүүд, дэмжигчдэд албан тоонд тулгуурласан мэдээлэл өглөө.
Монгол Улсад 2015 онд хатуу хучилттай авто зам 6500 км байсан бол 2025 онд 11 000 км болсон байна. Эрчим хүчний эх үүсвэр 2015 онд 1200 МВТ байсан бол өнөөдөр 1900МВТ болж, 700 МВТ-аар нэмэгджээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд цэцэрлэг 250-аар нэмэгдэж, 2015 онд цэцэрлэгийн хамрагдалт 60 хувь байсан бол өнөөдөр 85 хувь болж нэмэгдсэн байна. Ийнхүү сүүлийн 10 жилд өрнөсөн бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтийн үр дүнг тоон үзүүлэлтээр харьцуулан тайлбарлав.


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийг гацаанаас гаргаад байгаа юм. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр зэрэг төслүүд хөдөлж эхэлсэн.
Түүнчлэн Засгийн газар стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 16 ордоос наймд төрийн эзэмшлийн хувийг тогтоож, өгөөжийн 60-аас доошгүй хувь нь иргэдэд очих хуулийг УИХ-д өргөн барихаар боловсруулж байгааг намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр онцлов.


Үргэлжлүүлэн Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Тэрбумтан Өмнөговьчууд” төслөө танилцууллаа. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдыг дэмжиж, Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулж, байгалийн баялгаас хүртээхээр тусгажээ.
Уулзалтад оролцсон намын гишүүд “Намын бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, бидний бодол саналыг сонсож байгаад баяртай байна. Намаа дэмждэг өндөр настнууд их байдаг. Ахмад настнууддаа хүрч ажиллаарай. Залуу малчдыг сайн сургамаар байна” хэмээн саналаа хэлцгээв. Тухайлбал, Монгол Ардын намын гишүүн Б.Жаргал “Манай суманд хүрэлцэн ирж, бидэнд мэдээлэл өгсөн төв намын удирдлагууддаа талархлаа. Намын гишүүн бүртэй тулж ажиллаарай” гэсэн бол Л.Энхжаргал “Намын нэр хүнд ард иргэдийн итгэл дээр тогтдог. Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, намын бодлогыг танилцуулж, оролцоог идэвхжүүлмээр байна. Намын гишүүд ёс зүйтэй байх хэрэгтэй” хэмээн саналаа хэлцгээж байлаа.
Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчидтэй уулзлаа. Цогтцэций сумын намын хороо хурлаа хийж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээ шинэчлэн, шинэ бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.










