
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва албан тушаалаа хүлээн авснаас хойш 60 гаруй хоногийн хугацаанд иргэдээс “Бидэнтэй ойр ажиллаж, санал хүсэлтийг маань сонсдог байгаасай” гэсэн хүсэлт хамгийн их ирсэн талаар мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн санал, гомдлыг шуурхай хүлээн авч шийдвэрлэх “Хотын дарга сонсож байна” платформыг наймдугаар сарын 14-нөөс эхлүүлэн ажиллуулахаар болжээ.
Тэрбээр Улаанбаатар хот 1.8 сая орчим иргэнд 536 төрлийн төрийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд иргэдэд хамгийн ойр ажилладаг нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон юм. Зарим нэг цэгийн үйлчилгээний байр олон жил засвар хийгдээгүй, агааржуулалт, ажлын орчин хангалтгүй байгаа тул ирэх оны төсөвт энэ чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байгаагаа хэллээ.
Шинээр хэрэгжүүлэх “Хотын дарга сонсож байна” платформоор иргэд дараах сувгуудаар санал, хүсэлтээ хүргэх боломжтой байна. Үүнд:
- 150150 тусгай дугаараар үнэгүй мессеж илгээж, хариу авах
- Дуудлагаар санал, гомдол өгөх
- HotUla аппликэйшнаар хүсэлт гаргах
- Биеэр болон бичгээр өргөдөл, гомдол гаргах.
Энэхүү платформ ашиглалтад орсноор иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч шийдвэрлэхээс гадна төрийн албан хаагчдын өргөдөл, гомдол шийдвэрлэж буй гүйцэтгэл, хариуцлагыг хянах боломж бүрдэх аж.







