
Элсэн чихэр, этанолын зах зээлийн судалгаа, шинжилгээгээр дагнасан Covrig Analytics фирм 2026-2027 улиралд олон улсын зах зээл дээр 300 мянган тонн элсэн чихрийн хомсдол үүсэх төлөвтэй байгааг тооцоолжээ.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн даваа гарагт дэлхий даяар элсэн чихрийн үнэ огцом өсөж, Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр сүүлийн гурван долоо хоногт, Лондоны бирж дээр сүүлийн хоёр долоо хоногт байгаагүй хамгийн өндөр үнэд хүрчээ.
Элсэн чихрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт жагсдаг Энэтхэг улсад найм болон есдүгээр сард хур тунадас олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байгаа нь чихрийн нишингийн ургац буурахад нөлөөлж болзошгүй байгаа аж. Түүнээс гадна хэт халалтын Эль Нино үзэгдэл элсэн чихрийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Бразил, Тайланд, Энэтхэг зэрэг орнуудад ган гачиг дагуулах эрсдэлтэй байгаа нь мөн л олон улсын зах зээл дээр элсэн чихрийн нийлүүлэлт буурахад хүргэж болзошгүй байна.
Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор элсэн чихрийн хамгийн том үйлдвэрлэгч Бразил улсад үйлдвэрлэгчид чихрийн нишингээс чихэр гаргаж авахын оронд этанол буюу био түлш гаргаж авахыг илүүд үзэх болсон нь элсэн чихрийн нийлүүлэлт буурах бас нэг том шалтгаан болоод байна.







