
АНУ-ын Вашингтон хотын Жоржтаунд байрлах AMC кинотеатрт Хүн-Аалзын шинэ ангийг үзчихээд харьж явсан монгол залуу Потомак голын эрэг дагуу байрлах Georgetown Waterfront Park-ийн дэргэдүүр явж байхдаа орон гэргүй нэгэн эмэгтэй хүчирхийлэгчээс аварчээ.
Замилан хэмээн өөрийгөө танилцуулсан уг залуу News4 сувагт өгсөн ярилцлагадаа кинотеатраас гараад Арлингтон дахь гэр лүүгээ буцаж явах замдаа ойролцоох бутнаас эмэгтэй хүний орилох, тусламж дуудах чимээ сонссон гэжээ. Түүний ярьснаар хохирогч эмэгтэйг цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөн дор унтаж байхад нь нэгэн эрэгтэй бут руу чирч, хүчирхийлэхийг оролдсон аж.
Замилан тухайн эрэгтэйг хохирогч эмэгтэйгээс салгах явцдаа гар утасныхаа камерыг асааж, сэжигтний нүүр царайг камертаа буулгахыг оролджээ.
Тэрээр, “Намайг утсаараа бичлэг хийж байхад тухайн этгээд над руу ойртож эхэлсэн учир бичлэгээ зогсооход хүрсэн. Тухайн этгээдээс зайгаа барьж зогсохын зэрэгцээ түүнийг хараанаасаа салгахгүйг хичээсэн. Энэ нь хохирогч эмэгтэйд босож, төв зам руу аюулгүй газарт очих боломжийг олгосон.” гэжээ.
Замилан яаралтай тусламжийн 911 дугаар луу залгаж, цагдаа нарыг иртэл хохирогч эмэгтэйтэй хамт байсан аж. Түүний хэлснээр хохирогч эмэгтэй нь үнэмлэхээ хулгайд алдаж, орох оронгүй болсон нэгэн бөгөөд хэрэг гарах үед эмэгтэйн бугуй хугарсан байжээ.
Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж, сэжигтнийг саатуулсан болохоо мэдэгдсэн байна.
Видео үзэх:







