
Сангийн сайд З.Мэндсайхан нөөцийн мах бэлтгэх, хадгалах тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор энэ намраас цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ.
Тэрбээр “Энэ намрын нөөцийн махыг бүрдүүлэхдээ нийслэлтэй хамтран Хөдөө аж ахуйн биржийн цахим бүртгэлтэй уялдуулсан бүртгэлийн системийг төгөлдөржүүлэхээр ажиллана” гэв.
Мөн шаардлагатай хүнсний нөөцийг бүрдүүлэх агуулах, зоорьтой аж ахуйн нэгжүүдэд эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэхээс гадна хүнсний нөөц бэлтгэх агуулах, зоорь байгуулах, шинэчлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөжээ.

Шинэ цахим системийг нэвтрүүлснээр:
- Нөөцийн мах бэлтгэлийн явц болон үлдэгдлийн мэдээлэл ил тод болно.
- Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах эрсдэл буурна.
- Зах зээлийн хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн сайжирна.
- Иргэд агуулах, үйлдвэрүүдээс махаа шууд худалдан авах боломжтой болно.
- Малчид цахим системээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөл бүрдэнэ.
- Төр нөөцийн мах бэлтгэж, зах зээлд оролцон тодорхой бус байдал үүсгэхгүй гэсэн зарчмыг баримтална.
Энэхүү шинэчлэл нь нөөцийн махны бэлтгэл, нийлүүлэлтийг илүү нээлттэй, хяналттай болгож, малчид, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо.







