
Боловсролын яамны ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат дараах мэдээллийг өглөө.
2026 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс эхлэн улс орон даяар Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн Элсэлтийн шалгалт албан ёсоор эхэллээ. Шалгалт дөрвөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын явц болон цахим орчинд гараад буй зарим мэдээлэлд тайлбар өглөө.
Хурлын үеэр Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат элсэлтийн шалгалтыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх “Шуурхай баг”-ийг Боловсролын сайдын тушаалаар томилон ажиллуулж байгааг онцолж, эхний өдрийн шалгалтын нэгдсэн дүн, статистикийг танилцууллаа.
Эхний өдрийн шалгалтын явц, статистик мэдээлэл
Шалгалтын эхний өдөр Монголын түүх болон Англи хэлний хичээлийн шалгалт зохион байгуулагдсан бөгөөд техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй байна.
Монголын түүх хичээллээр нийт 1,513 шалгуулагч бүртгүүлснээс 1,320 нь шалгалтдаа орж, ирц 97.2 хувьтай байв. Шалгалтад орсон 12 дугаар ангийн сурагчдын ирц 100 хувь байсан бол өмнөх оны төгсөгчдийн ирц хангалтгүй байсан нь ерөнхий статистикт нөлөөлжээ. Тус хичээлээр улсын хэмжээнд 2 шалгуулагч 800 оноо авсан байна.
Англи хэлний хичээллээр нийт 33,201 шалгуулагч бүртгүүлснээс 31,619 нь шалгалтдаа хамрагдаж, ирц 95.2 хувьтай байлаа. Багануур дүүрэг болон Булган аймагт ирц 100 хувь байсан бол өмнөх оны төгсөгчдийн ирц 80 хувьтай байв. Англи хэлний шалгалтад нийт 36 шалгуулагч 800 оноо авчээ.
Шалгалтын анхны оноог тест засах машинаар уншуулан газар дээр нь шууд зарлаж байгаа бөгөөд хэмжээст оноог нэгтгэн 24 цагийн дотор шалгуулагчийн хувийн буланд байршуулж байна.
Өнөөдрийн шалгалтаар, Хими 7,295 шалгуулагч, Газар зүй 1,392 шалгуулагч, Нийгэм судлал 31,431 шалгуулахаар үргэлжилж байна.
Шалгалтын материал задарсан гэх мэдээлэл худал болохыг анхаарууллаа.
Өчигдөр цахим орчинд “Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задарсан, худалдаж байна” гэх худал мэдээллийг иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, ашиг хонжоо олох зорилгоор хэсэг бүлэг хүмүүс тараасан байна.
Элсэлтийн шалгалтын сэдэв, даалгавар задрах ямар ч боломжгүй. Шалгалтын материалыг хууль хүчний байгууллагын харуул хамгаалалт, 24 цагийн тасралтгүй хяналт дор, тусгай орчинд боловсруулдаг бөгөөд энэ нь байгууллагын албаны нууцад хамаардаг. Иймд хуурамч мэдээлэлд автаж, эд хөрөнгө болон сэтгэл санаагаар хохирохгүй байхыг анхааруулж байна.
Түүнчлэн худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэн, шуурхай шалгуулах болно гэдгийг мэдэгдлээ.
Түүхийн шалгалтад “Дэлхийн түүхийн асуулт орж ирлээ” гэх гомдол, шүүмжлэл гарсантай холбогдуулан Л.Ганбат дарга тайлбар өглөө. БҮТ-өөс шалгалт эхлэхээс 6 сарын өмнө буюу 2026 оны 1 дүгээр сард шалгалт авах 10 хичээлийн “Блүпринт” (Blueprint)-ийг олон нийтэд нээлттэй байршуулсан.
Тус хичээлийн нэршил зөвхөн “Монголын түүх” байхаа больж, шалгалтын агуулгын хүрээнд Дэлхийн түүхийн асуултууд багтах талаар блүпринт дээр тодорхой тусгасан байсан тул энэ нь гэнэтийн асуудал биш гэдгийг тодотгов.
Шалгуулагчдад өгөх зөвлөмж, гомдол барагдуулах хугацаа
Ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа тул цаг агаарын мэдээг урьдчилан шалгаж, шалгалтаас хоцрохгүй байх, бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирэхийг зөвлөж байна. Шалгалтын материал тараагдаж, хугацаа эхэлсэн бол ямар ч тохиолдолд шалгуулагчийг нэвтрүүлэх боломжгүй. Харин материал тараагдаж эхлээгүй, хугацаа яваагүй үед ирсэн тохиолдолд уян хатан хандаж оруулах бодлого баримталж байна.
Шалгалтын дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд шалгуулагчдын өргөдөл, гомдлыг БҮТ хүлээн авч байна. Шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор гомдол гаргасан хүүхдүүдийг өөрийнх нь гүйцэтгэсэн эх материалтай албан ёсоор танилцуулж, шийдвэрлэх арга хэмжээг авна.
Б.Уранзаяа









