
Газрын тосны нийлүүлэлт хэвийн байдалдаа ороход олон сарын хугацаа шаардлагатай
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ, Иран хоёр галаа зогсоох зөвшилцөлд хүрсэн талаар мэдэгдсэний дараа Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 83.89 ам.доллар, Америкийн газрын тосны үнэ 80.85 ам.доллар болж тус бүр буурчээ. Ормузын хоолойн хөдөлгөөн нээгдсэн ч газрын тосны компаниудын нийлүүлэлт АНУ-Ираны дайнаас өмнөх үеийнхтэй адил олон улсын эрэлтийг хангах хэмжээнд хүрэх хүртэл олон сарын хугацаа шаардлагатай гэдгийг эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Газрын тос тээвэрлэгч усан онгоцнууд хурд багатай явдаг тул газрын тосыг газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэж, боловсруулсан газрын тосыг нь эцсийн цэг болох импортлогч улсад нийлүүлэх ажиллагаа нь багагүй хугацаа шаардагдсан ажил аж.
Үүн дээр нэмээд АНУ-Ираны дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодын газрын тос экспортлогч зарим орнууд газрын тос олборлолтоо зогсоочихсон байгаа ба тэдгээр улс орнууд Ормузын хоолойгоор зорчих нь аюулгүй гэдэгт итгэлтэй болж байж л олборлолтоо сэргээх нь гарцаагүй гэдгийг Колумбийн их сургуулийн Дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн мэргэжилтэн Дэниел Стернофф онцолжээ.








