
Өнгөрөгч долоо хоногт “Ордны улс төр” улам ширүүсч 30/38-ын тэмцэл буюу МАН-ын доторх зөрчил дахин ил гарч ирлээ.
2026 оны төсвийн тодотгол УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учралын ээжийн эзэмшлийн хувийн сургуульд 3 тэрбум орчим төгрөгийн хувьсах зардал тавьсан талаарх материал ил болж 30-ын бүлгийн гэгддэг УИХ-ын гишүүд үүнийг нь баримт хэмээн гаргаж ирэв. Ардчилсан намынхан уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар очих үед Ерөнхий сайд өөрөө гарч ирэн АТГ-т бичиг өгч, хэвлэлээр тайлбар хийсэн.
Харин үүний дараахан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхантай холбоотой асуудал гарч ирлээ.
Цахим орчинд Булнай гэх удганы гэрт Цагдаагийн байгууллагын ажилтан очиж, “С.Амарсайхан миний ярьсан хүчирхийллийн дүр биш” гэх утгаар мэдэгдэл гаргахыг тулгасан бичлэг цацагдав.
Үүний хариуд Увс аймагт ажиллаж явсан С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудаст,
“Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаац дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ. 7 дугаар сард хойд хил дээр ажиллаж явахад яаж гүтгэж байлаа! Одоо эх орныхоо баруун хязгаарт томилолтоор ажиллаж байна. Эргэж очоод олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, яригдаж байгаа асуудлуудын талаар баримт, бодит мэдээлэлтэй нь тайлбар өгнө. Хэн юу гэж бичсэнээр биш, хэзээ, юу, яаж өрнөснийг баримтаар ярих цаг нь болж” гэж постлосны хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Н.Учрал мөн л цахим хуудастаа хариу бичсэн нь С.Амарсайханы сайдтай холбоотой Удганы бичлэгийг хэн цахим орчинд сэвж байгааг баталсан хэрэг болов.

“Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй” гэсэн юм.


Хоёр үйл явдлыг тус тусдаа харвал нэг нь төсвийн тодотголтой холбоотой маргаан, нөгөө нь сайдтай холбоотой асуудал мэт. Харин улс төрийн дарааллаар нь харвал МАН-ын доторх тэмцэл улам эмзэгшиж, ил цагаан нэгнээ онилж эхэллээ.
Ерөнхий сайд Н.Учрал ээжийнхээ сургуульд төсвийн мөнгө тавьсан, С.Амарсайхан хуулийн сайд байж хүчнийхнээр иргэнийг хэрэг хүлээлгэх гэж дарамтлуулсан асуудал 2 лаа л ноцтой.
С.Амарсайхан бол Н.Учралын Засгийн газарт байгаа 30-ын талтай холбоотой улс төрийн жинтэй фигуруудын нэг. Н.Учрал Засгийн газраа байгуулах үед 30-ын талаас С.Амарсайхан тэргүүтэй хэд хэдэн хүн сайдаар орж ирсэн. Энэ нь Н.Учрал 30-ын талтай тохиролцож, Засгийн газраа тогтвортой байгуулахын тулд С.Амарсайханыг танхимдаа оруулсан улс төрийн зураглал байсан.
Тэгэхээр С.Амарсайхан руу чиглэсэн цохилт бол ганц сайдыг онилсон биш. 30-ын тал руу өгч буй улс төрийн дохио.
Тиймээс Н.Учралыг шууд огцруулах оролдлого хийх нь 30-ын талд ч эрсдэлтэй. Учир нь Ерөнхий сайд унавал дараагийн Засгийн газар хэрхэн байгуулагдах вэ гэдэг асуулт шууд гарч ирнэ. Тэндээс МАН-ын дотоод хагарал бүр томорно. Мөн Н.Учралын хувьд 30-ын талын сайд нарыг шууд хөдөлгөх нь мөн адил эрсдэлтэй. Учир нь энэ нь өөрийн байгуулсан Засгийн газрын доторх тохиролцоог эвдэж, намын хуваагдлыг ил болгож мэднэ.
Тиймээс одоогийн тоглолт бол “унагах” тоглолтоос илүү “сулруулах” тоглолт байх магадлалтай.
Ингэж нэг нэгнийхээ улс төрийн өртгийг нэмэгдүүлж, дараагийн тохиролцооны ширээнд хэн илүү хүчтэй суух вэ гэдгээ үзэж байна.
Энд төсвийн тодотгол ч зүгээр нэг төсвийн асуудал биш болж хувирч байна.
Уг нь төсвийн тодотголын гол зорилго нь орлого тасарсан нөхцөлд зарлагыг бууруулж, цалин, тэтгэвэр зэрэг зайлшгүй зардлын эх үүсвэрийг шийдэх явдал. Засгийн газрын мэдээллээр 2026 оны эхний найман сард төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд, зарлага 19.5 их наяд төгрөгт хүрч, 2.2 их наядын алдагдал үүссэн байна.
Гэтэл төсөв хэлэлцэх ёстой парламент дотор төсвийн бодлогын маргаан улс төрийн эрх мэдлийн маргаантай хутгалдаж эхэлж байна. Сүүлийн өдрүүдийн өрнөл ч үүнийг харуулж байна. Төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулган дотоод улс төрийн тооцоо, эрх мэдлийн тэмцлийн талбар болж болзошгүй талаар улс төрийн ажиглагчид анхааруулж байна.










