
Хиймэл оюун ухааны OpenAI компанийн Гүйцэтгэх захирал Сэм Альтман хиймэл оюун ухааны аюул эрсдэлтэй холбоотой асуудлаас болж энэ онд компанийнхаа хувьцааг олон нийтэд санал болгохгүй хэмээн Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хиймэл оюун ухааны хөгжил асар хурдацтай явагдаж байгаатай холбоотойгоор сүүлийн саруудад хиймэл оюун ухааны дагуулах аюул эрсдэлийн асуудал ихээр яригдах болсон билээ.
Өнгөрсөн 7-р сард OpenAI компанийн хиймэл оюун ухаан Hugging Face болон RubyGems платформуудад бие даан халдаж, хакердсан нь ил болсон юм.
Уг үйл явдлын дараа хиймэл оюун ухааны тэргүүлэгч компаниудад ажилладаг 1000 гаруй ажилтан АНУ-ын засаг захиргаанд хандаж өндөр хүчин чадал бүхий хиймэл оюун ухаан бүтээх өрсөлдөөнийг зохицуулж, хяналт тавихгүй бол хиймэл оюун ухаан хяналтаас гарах нь гарцаагүй хэмээн анхааруулсан ил захидлыг бичиж нийтэлсэн юм.
Тэгвэл энэ 7 хоногт хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI болон Anthropic компаниудад ажиллаж байсан мэргэжилтэн Жейкоб Коксон X нийгмийн сүлжээнд дээрх хоёр компанийн супер хиймэл оюун ухаан бүтээх уралдаанаас болж хиймэл оюун ухаан хяналтаас гарч, 2030 он гэхэд хүн төрөлхтнийг устгана гэж нийтэлсэн нь шуугиан тариад байна.
Ж.Коксоны мэдэгдлийн хариуд Anthropic компанийн мэргэжилтэн хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг ирэх 10 жилд устгах магадлал 10-аас дээш хувь байгааг онцолсон нь хиймэл оюун ухааныг зохицуулах шаардлага гарсныг олон нийтэд сануулав.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Claude хиймэл оюун ухааны моделийг бүтээсэн Anthropic компанийн тэргүүн Дарио Амодеи X нийгмийн сүлжээгээр дамжуулан хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулах, хиймэл оюун ухааны тэргүүлэгч моделиудын хөгжилд хатуу хяналт тавихыг уриалсантай OpenAI компанийн захирал Сэм Альтман, SpaceXAI компанийн захирал Илон Маск нар санал нийлж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: The Guardian










