
Сүүлийн үед цахим номын зах зээл дээр банкны картаас яльгүй том хэмжээтэй, хөнгөн, гар утасны ард тогтоож болдог Хятадын цахим номын Xteink төхөөрөмж од болоод байна. Уг төхөөрөмж нь нийгмийн сүлжээний хэрэглээг бууруулахад тусалдаг гэсэн сурталчилгаа сүүлийн үед цахим орчинд ихээхэн тархаж, өнөөдрийн байдлаар Amazon цахим дэлгүүрийн хамгийн өндөр худалдан авалттай бараануудын нэг болжээ.
Хонконгд бүртгэлтэй компанийн бүтээсэн цахим номын Xteink төхөөрөмжийн үндсэн X3 загвар нь саарал болон хар өнгөний сонголттой бөгөөд ердөө 58 грамм жинтэй, 5.1 мм зузаантай аж. txt, epub, mobi, pdf, jpg, png зэрэг файлын форматуудыг дэмждэг уг төхөөрөмжийн шинэ Xteink X4, X4 Pro загварууд саяхан худалдаанд гарчээ.
Америкийн The Atlantic сэтгүүлийн тоймч Саахил Десаи цахим орчинд Xteink төхөөрөмжийн талаар гарсан магтаал сайшаал хэр үндэслэлтэйг шалгах зорилгоор Xteink төхөөрөмжийг худалдан авч, хэрэглэсэн туршлагаасаа хуваалцжээ. Тэрээр уг төхөөрөмжийг сүүлийн жилүүдэд Цахиурын хөндийд зохион бүтээсэн бүхий л технологиудыг ардаа хаях бүтээл хэмээн тодорхойлжээ. Xteink төхөөрөмжийг худалдан авахаасаа өмнө Саахил Десаи хоёр сарын хугацаанд ганц л ном уншиж дуусгасан бол Xteink төхөөрөмжийг авснаасаа хойш 1 сарын дотор 3 ном уншиж дуусгасан гэжээ. Xteink-тэй болсноос хойш түүний гар утасны хэрэглээ өдөрт дунджаар 25 минутаар буурсан аж. С.Десаи ажилдаа явах замдаа, дараалалд зогсож байхдаа мөн Netflix-ийн зар сурталчилгааны завсарлагааны үеэр ном уншихыг илүүд үзэх болсноо анзаарсан байна.
Түүний бодлоор Xteink төхөөрөмжийн давуу тал уг төхөөрөмжийн авсаархан хэмжээ болон дэлгэцэн дээр гарах текстийн хэмжээ том, уншихад хялбар байдагт оршиж байгаа ба С.Десаи Xteink төхөөрөмж нь худалдан авагчдыг хямд үнэ, хэрэглэхэд хялбар байдлаараа татаж байгааг онцолжээ.










