
Н.Учралын Засгийн газарт багтаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж буй Ж.Алдаржавхлангаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Колонкуудыг түшиглэж, зургаан хүний багтаамжтай мини нойл барина” хэмээн мэдэгдсэн билээ.
Монголыг зорих жуулчдын цуваанаас урьтаж эл ярьсан ажлаа эхлүүлж чадах эсэх, нэг нойл байгуулахад хэдэн төгрөг шаардлагатай зэрэгт тэрбээр хариулт өгсөн юм.
Ж.Алдаржавхлан “Нойлын асуудлыг бид ярьсан ч 30 жил шийдэж чадаагүй. Зарим нь “Чи сайд юм байж нойл ярилаа. Жижиг юм ярилаа” гэж шүүмжилдэг. Ярихаас өөр арга алга. Жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 847 мянган жуулчин Монголд ирсэн. Энэ жил нэг сая жуулчин ирэхээр байгаа. Жуулчдын хамгийн их ярьдаг зүйл нь нийтийн ариун цэврийн байгууламж. Бүгдээрээ хаа сайгүй бие засдаг.
Монголын томоохон шатахуун түгээх компаниудтай уулзаад, нэг шийдэл ярьсан. Жуулчин ихээр аялдаг баруун аймгууд болон Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Өвөрхангай аймгууд руу явах замд 150-200 км-ын зайтай шатахуун түгээх станц байгаа юм билээ. Нойлыг хардаг, хариуцдаг хүн хэрэгтэй. Шууд ил гадна тавьчихаар хаалга үүдийг нь эвдээд хаячихна. Тийм учраас мини маркет, шатахуун түгээх станц ажиллуулж байгаа хүн орлогоо олох хэрэгтэй. Орлого олохын хажуугаар нойлынхоо цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах ёстой. Тэгэхээр бид дан ганц колонк гэхгүйгээр зам дагуу үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН-үүдтэй хамтарч хийнэ. Товчхондоо бол Засгийн газар хувийн хэвшлээ дэмжиж, 6-10 хүний багтаамжтай нойл байгуулах нь. Энэ зундаа 100 орчим мини нойл байгуулъя гэж бодож байгаа. Монголд ирж байгаа жуулчид төдийгүй, зам дагуу явж байгаа хүмүүс нэг зовлонгоосоо ангижирна байх.
Одоо зургаа зуруулж байна. Зургаа зуруулчихвал санхүүжилтийн асуудлыг шийдчихнэ. Тооцоолол нь ч хийгдэж байгаа. Нэг мини нойл барихад 100-150 сая төгрөг орчим болохоор юм билээ” хэмээв.








