
Төсвийн тодотголд Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий гэх “Их засаг Кингс” сургуульд 3.5 тэрбум, хувийн сургуулиудад нийт 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт туссан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн анхаарлыг татсан. Энэ асуудал Ерөнхий сайдыг АТГ-т өөрийгөө шалгуулах хүсэлт гаргаснаар улс төрийн шинэ зөрчилдөөнд хүрлээ.
Өглөө: “Нотлох баримтаа гаргаж ир” гэж Ерөнхий сайд мэдэгдэв
Есдүгээр сарын 10-ны өглөө Ерөнхий сайд Н.Учрал хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өөртэй нь холбоотой мэдээллийг үгүйсгэж, нотлох баримт гаргаж ирэхийг шаардсан. Тэрбээр өөрийн гэр бүл, үр хүүхэд ил тод байдаг, эцэг эх нь насаараа боловсролын салбарт ажилласан хүмүүс гэдгийг хэлээд “Бид төсвөөс таван цаас аваагүй” гэв.
Энэ үед маргааны гол сэдэв нь “Их засаг Кингс” сургуульд төсвөөс мөнгө олгохоор тусгасан эсэх байлаа. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир өмнөх өдөр нь “Их засаг Кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг хувийн сургуулиуд хүсэлт гаргасан бөгөөд нийт 9.8 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн гэж мэдээлсэн нь маргааны эхлэл болсон.
Үдээс өмнө: “3.5 тэрбум төгрөг төсөвт суусан” гэх мэдээлэл дахин сөхөгдөв
УИХ-ын гишүүд болон хэвлэлүүдийн мэдээлснээр “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд “Их засаг Кинг” сургуульд 640 хүүхдийн суудалд тооцож, нэг хүүхдэд 5.5 сая төгрөгөөр тооцсон 3.52 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт туссан гэх задаргаа гарч ирэв. Мөн “Их засаг Кинг”, “Эрдэм Нова” зэрэг сургуулиудын нэр төсвийн задаргаанд байгааг гишүүд хөндсөн.
Нөгөө талд “Их засаг Кингс” сургууль төрөөс санхүүжилт хүсээгүй, бүр татгалзсан гэх тайлбар ч гарсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын тайлбар, төсвийн задаргаа, тухайн сургуулийн байр суурь хоорондоо зөрсөн нөхцөл байдал үүсэв.
14:30 цаг: Ардчилсан нам АТГ-ын үүдэнд очив
Энэ маргаан улс төрийн түвшинд хүрч, АН-аас Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргахаа мэдэгдэв. АН-ын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх Ерөнхий сайдыг өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн засгийн давуу байдал олгохоор төсөвт тусгуулсан байж болзошгүй гэж үзэж, шалгуулахаар гомдол гаргаж буйгаа мэдээлсэн. Б.Энхмөнх цаашлаад Ерөнхий сайдыг албан тушаалаа өгөхийг шаардаж, АТГ-т шалгуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Ерөнхий сайд ч мөн АТГ-ыг зорив
Ардчилсан намынхан АТГ-ын гадна мэдээлэл хийж байхтай зэрэгцэн Ерөнхий сайд Н.Учрал өөртэй нь холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т хандахаар ирсэн.
Ингэснээр нэг байгууллагын үүдэнд хоёр өөр тал, хоёр өөр зорилготойгоор зэрэгцэн очсон хачирхалтай дүр зураг бий болов.
Нэг талд нь “Ерөнхий сайдыг шалгуул” гэсэн шаардлага тавьсан сөрөг хүчний төлөөлөл. Нөгөө талд нь “Намайг шалгаад өг” гэсэн хүсэлттэй Ерөнхий сайд. Энэ үеэр хоёр талын хооронд маргаан үүсэж, хамгаалалтын ажилтнууд АН-ынхныг түлхсэн гэх мэдээлэл гарсан. Б.Энхмөнх өөрт нь биеийн халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн бол энэ үйл явдалтай холбоотой нөхцөл байдлыг талууд өөр өөрөөр тайлбарлаж байна.
Өөрийгөө шалгуулах нь өөрөө хамгаалалт болж хувирах уу?
Ерөнхий сайд Н.Учрал “надад нуух зүйл байхгүй”, өөртэй нь холбоотой мэдээллийг үнэн зөвөөр шалгуулахын тулд АТГ-т хандаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ энэ үйлдэл өөрөө маргааныг дуусгах хариулт биш.
Харин ч дараагийн асуултыг бий болгож байна. Шалгуулах хүсэлт гаргасан хүн нь өөрөө тухайн байгууллагын удирдлагыг санал болгож томилуулдаг улс төрийн албан тушаалтан байхад уг шалгалт олон нийтийн эргэлзээг бүрэн арилгаж чадах уу?
Хуулиар Ерөнхий сайд нэр дэвшигчийг санал болгож, УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог.
Энэ бол зөвхөн Н.Учрал Ерөнхий сайдын асуудал биш
Төсвийн тодотголд “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг тусгагдсан. Гэтэл яг энэ үед улсын сургуулиуд анги танхимын хүрэлцээгүйгээс өөр байгууллагын байр түрээслэн хичээллэж байгаа бодит нөхцөл байдал байна. Нэг талд нь төсөвт нэр нь орсон хувийн сургуулиу, нөгөө талд нь анги танхим хүрэлцэхгүй, хүүхдүүдээ өөр сургуулийн байранд хичээллүүлж буй улсын сургуулиуд..
Ерөнхий сайд өөрөө АТГ-т очиж өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан нь нэг талаас ил тод байдлаа харуулах оролдлого гэж харагдаж болох ч нөгөө талаас улс төрийн дарамтыг намжаах, өөрийгөө хамгаалах тактик байсан уу гэсэн хардлагыг ч дагуулж байна.
“Н.Учрал өөрийгөө шалгуулах хүсэлт гаргасан нь үнэхээр үнэнийг тогтоолгох алхам байв уу, эсвэл өөрт нь чиглэсэн улс төрийн дарамтыг өөрөө АТГ-т очиж намжаах улс төрийн жүжиг байв уу?”
Үүний хариуг зөвхөн АТГ-ын шалгалтын дүн өгнө.
Хэрэв шалгалт үнэхээр хараат бус явагдаж, төсвийн 9.8 тэрбум төгрөгийн задаргаа, “Их засаг Кингс” сургуулийн оролцоо, хүсэлт гаргасан эсэх, ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг баримтаар тогтоовол өнөөдрийн улс төрийн маргаан нэг мөр болно. Хэн нэгэн эрх мэдэлтэн “би өөрөө шалгуулъя” гэсэн мэдэгдлээр асуудал хаагдахгүй.










