
“Гэрт ойр сургууль” нэрийн дор 50 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан ч хамгийн их ачаалалтай улсын сургуулиуд анги танхимаа нөхөхийн тулд түрээсийн байр ашиглаж байна. Харин хувийн сургуулиудад хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт яригдсан нь төсвийн мөнгөний үр ашиг, эрэмбэ дарааллыг дахин асуухад хүргэв.
Монгол Улсын Засгийн газар энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгуулсан. Гэвч уг мөнгөний зарцуулалттай холбоотой мэдээлэл олон нийтэд зөрүүтэй хүрч эхэллээ.
Боловсролын яамнаас 50 тэрбум төгрөгийн 13.9 тэрбумыг ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулах, 18.7 тэрбумыг бага ангийн шинэчилсэн хөтөлбөрийн орчинд, 15 тэрбумыг төрийн өмчийн төрөлжсөн ахлах сургуулийн тоног төхөөрөмжид зарцуулна гэж тайлбарласан. Харин УИХ-ын гишүүдийн зүгээс уг төсвийн задаргаанд хувийн сургуулиудад олгохоор тусгасан мөнгө байгааг хөндөж, зарцуулалтын үндэслэлд эргэлзэж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал олон улсын хөтөлбөртэй “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” зэрэг сургуулиудад 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөнд шүүмжлэлтэй хандсан. Түүний байр суурь бол хамгийн их ачаалалтай, захын дүүргүүдийн улсын сургуулиудад шаардлагатай хөрөнгийг шийдээгүй атлаа олон улсын хөтөлбөртэй сургуулиудад төсөв хуваарилах нь боловсролын ялгааг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэсэн асуудал юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа нэг суралцагчид ногдох хувьсах зардлын тооцоолол нь олон сурагчтай, ачаалал өндөртэй сургуульд илүү ашигтай бус, харин эсрэгээрээ ачаалал нэмэгдэх тусам нэг хүүхдэд ногдох дүн буурахаар байгаа эсэхийг хөндсөн.
Энэ маргааны хамгийн анхаарал татсан нэр нь Ерөнхий сайд Н.Учралын гэр бүлийн хамаарал бүхий гэх мэдээлэл гарсан “Их засаг Кингс” сургууль болов.
Олон нийтэд гарсан төсвийн задаргаанд тус сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт туссан гэх мэдээлэл гарсан. Харин сургуулийн захирал Ж.Мяндас “Манай сургууль төсвөөс мөнгө аваагүй, ирээдүйд ч авахгүй, цэвэр хувийн хэвшлийн хөрөнгөөр энэ намар боссон” гэж мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Н.Учрал гэр бүлийнх нь хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй, ийм баримт байхгүй гэж тайлбарласан байна. Харин үүнтэй зэрэгцэн өөр эх сурвалжууд төсвийн тодотголын задаргаанд “Их засаг Кингс” сургуульд 3.5 тэрбум төгрөг туссан гэх мэдээллийг нийтэлж, уг асуудлыг ил тод болгохыг шаардаж байна.
Хэрэв хувийн сургууль төсвөөс мөнгө авахгүй бол яагаад төсвийн задаргаанд тухайн сургуулийн нэр, тодорхой дүн гарсан бэ?
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын тайлбараар “Их засаг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг сургуулиуд хүсэлт гаргасан боловч 9 дүгээр сарын 1-нд зөвхөн “Эрдэм Нова” сургуультай төрөлжсөн ахлах сургуулийг өөрийн менежментээр хэрэгжүүлэх байдлаар хамтран ажиллаж эхэлсэн. Бусад сургуулийн хүсэлтийг судалж байгаа бөгөөд гэрээ байгуулж, үйл ажиллагаа эхлээгүй гэж тайлбарласан.
Мөн тэрбээр улсын төсвөөр хувийн хэвшлийн байгууллагад тоног төхөөрөмж худалдан авч өгөхгүй, хууль эрх зүйн хувьд боломжгүй, хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн хувьсах зардал яригдана гэж мэдэгдсэн. Гэвч төсвийн задаргаанд хувийн сургуулиудтай холбоотой хэдэн тэрбум төгрөгийн дүн гарсан гэх мэдээлэл, төрийн байгууллагын тайлбар хоёрын хооронд зөрүү үүссэн хэвээр байна.
Энэ зөрүүг ил тод болгох хамгийн зөв арга нь 50 тэрбум төгрөгийн эцсийн задаргаа, сургууль тус бүрийн нэр, мөнгөний зориулалт, гэрээний нөхцөл, санхүүжилтийн үндэслэлийг нийтэд нээлттэй болгох явдал.
Учир нь асуудал зөвхөн “Их засаг Кингс”-ээр дуусахгүй. “Империал” дунд сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Н.Лхамсүрэн мөн тоног төхөөрөмжийн зардал авах байсан гэх мэдээллийг үгүйсгэсэн. Ингэснээр төрийн байгууллагын мэдээлэл, төсвийн задаргаа болон сургуулиудын өөрсдийн тайлбар хоорондоо зөрж байгаа нөхцөл байдал үүсээд байна.
Улсын сургуулиа мартаж орхисон төсөв
Энэ маргаантай зэрэгцэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургууль хичээлийн байрны хүрэлцээгүй байдлаа түрээсийн аргаар шийдэж байна. Тус сургуулийн захирал Б.Чойдоржийн тайлбарласнаар хичээлийн байр хүрэлцээгүй учраас Отгонтэнгэр их сургуультай гэрээ байгуулж, хүүхдүүдийн хичээллэх орчныг шийдсэн байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургууль хүүхдийнхээ хичээллэх анги танхимыг хангалттай болгож чадаагүй учраас хувийн их сургуулийн байрыг түрээслэх шаардлагатай болжээ.
Тус сургууль өмнө нь ч ачаалал, байрны асуудалтай байсныг баримтууд харуулдаг. 2020 онд 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгад улсын төсвөөс 3.8 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байдаг. Гэтэл өнөөдөр дахин анги танхимын хүрэлцээний асуудал яригдаж, 10, 11 дүгээр ангийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн байранд хичээллэх нөхцөл үүссэн байна. Нөгөө талд, 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг цаашид ЖАЙКА-гийн дэмжлэгээр шийдэхээр хүлээж байгаа гэх мэдээлэл бий.
Төсвийн мөнгөөр хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулах асуудал яригдаж байгаа энэ үед яагаад аль хэдийн олон зуун хүүхэд суралцаж байгаа, анги танхим нь хүрэлцэхгүй, түрээсийн байр ашиглаж буй улсын сургуулийн асуудлыг нэн тэргүүнд шийдэхгүй байгаа вэ?
Мэдээж төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах нь өөрөө буруу биш. Харин төсвийн мөнгө бол хувийн сургуулийн бизнесийг дэмжих мөнгө биш, татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс төрийн бодлого хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх ёстой вэ гэдэг нь чухал. Өнөөдөр 14 дүгээр сургуульд хүүхдүүд анги танхимын хүрэлцээгүйгээс өөр байгууллагын байрыг түрээслэн хичээллэж байна. Харин зарим хувийн сургуулиудад тоног төхөөрөмж, хувьсах зардал нэрээр хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилт яригдаж байна.
Тэгвэл төрийн бодлогын эрэмбэ хаана байна вэ?
Хэрэв хувийн сургуулийн сул орон зайг ашиглах нь улсын сургуулийн ачааллыг бууруулах хамгийн хямд, үр ашигтай арга юм бол тэр тооцоогоо төр ил тод харуулах ёстой. Харин тоног төхөөрөмж, орчин тохижилт, бусад хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгө хувийн сургуулиудад очих гэж байгаа бол ямар шалгуураар, ямар үр дүнгийн төлөө, хэдэн хүүхдэд хүртээмжтэй байхыг мөн адил нийтэд тайлбарлах шаардлагатай.
Учир нь нэг талд нь хэдэн тэрбум төгрөгийн төсөв яригдаж байхад нөгөө талд нь улсын сургууль анги танхим түрээслэн хичээллэж байгаа дүр зураг бий. “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн жинхэнэ зорилго нь хүүхдийг гэрт нь ойр сургуультай болгох уу, эсвэл төсвийн мөнгийг хувийн хэвшлийн сургуулиуд руу чиглүүлэх үү?
Энэ асуултын хариуг улс төрийн тайлбараар бус сургууль тус бүрийн нэр, гэрээ, төсөв, зарцуулалтын зориулалт, үр дүнгээр өгөх цаг болжээ.










