
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир есдүгээр сарын 9-нд “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх асуудлыг түр хойшлууллаа” хэмээн мэдэгдсэн. Үүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос холбогдох хууль зөрчиж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэн эрхэд халдсан ноцтой үйлдэл гэж үзэн мэдэгдэл гаргажээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.4-т гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоох бөгөөд аль нэг тал эсвэл талуудын хамтарсан саналын дагуу шинэчлэн тогтоож болохоор заасан байдаг.
Тус хорооны 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард нэг сая, цагт 5952.3 төгрөг болгох шийдвэрийг санал нэгтэй баталсан байна.
МҮЭ-ийн холбооноос “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, шинэчлэх, өөрчлөх нь Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны онцгой бүрэн эрх. Салбарын сайд болон Засгийн газар уг шийдвэрийг бие даан хойшлуулах, цуцлах, өөрчлөх эрх зүйн үндэслэлгүй” гэж мэдэгдлээ.










