
Япон улс НҮБ-аас хэрэглэхийг уриалсан Equal Earth газрын зураг дээр маргаан дагуулсан Курилийн арлуудыг ОХУ-тай адил өнгөөр будсан байгааг өөрчлөхийг шаарджээ.
Өнгөрсөн 7 хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблей бидний хэрэглэж заншсан Меркаторын проекцын газрын зураг нь улс орон, тивүүдийн талбайг үнэн бодитой харуулж чаддаггүй учир Equal Earth газрын зургийг ашигладаг болох тухай тогтоолыг баталсан билээ. Меркаторын проекцын дэлхийн газрын зураг Африк тив болон дэлхийн өмнөд хагасын улс орнуудын газар нутгийн хэмжээг бодит байдалтай харьцуулахад жижиг дүрсэлсэн байдаг нь тэдгээр бүс нутгуудын ач холбогдлыг урт хугацааны турш бууруулж ирсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Япон улс дээрх тогтоолыг дэмжсэн ч өнгөрсөн пүрэв гарагт Японы сайд нарын танхимын тэргүүн Минорү Кихара Equal Earth газрын зурагт Японы засгийн газрын байр сууринд үл нийцэх дүрслэлүүд байгааг илэрхийлжээ. Тэрээр тус газрын зургийн операторт дипломат шугамаар хандаж, Курилийн арлуудыг ОХУ-тай адил өнгөөр будсаныг өөрчилж, газрын зургаа засахыг шаардсан гэжээ.
Дэлхийн 2-р дайны дараа ЗХУ Курилын арлуудын өмнөд хэсгийг хяналтдаа авсан бол Япон улс Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаин арлуудыг өөрийн улсын газар нутагт тооцдог. Үүнээс болж хоёр улс одоог хүртэл Дэлхийн 2-р дайны үр дүнгээр энхийн гэрээ байгуулаагүй байгаа билээ. Түүнчлэн энэ оны 8-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курилийн арлуудад айлчилсан нь Японы талаас хатуу шүүмжлэлийг хүлээсэн билээ.
Эх сурвалж: The Guardian










