
Татвараа төлөөд, боловсролоо дахин худалдаж авч байна
Хүүхдээ сургуульд сургана гэдэг бол өрхийн төсөвт дахин нэг том зардал нэмэгдэх үе. Цүнх, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлээс эхлээд сургалтын төлбөр, дугуйлан, хоол, унааны зардал хүртэл хүүхдийн боловсролтой холбоотой төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тэгвэл хүүхдээ хувийн сургуульд сургах сонголт хийсэн айл өрхийн хувьд энэ дарамт бүр ч өндөр. Нөгөө талд төр боловсролын салбарт багагүй хөрөнгө зарцуулж байна. 2027 онд боловсролын салбарт 7.53 их наяд төгрөгийн төсөв тусгагдсан.
Үүний 6.2 их наяд нь урсгал зардал, 1.32 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах төлөвтэй байгаа юм. Боловсролын салбарын нийт зардал улсын төсвийн нийт зарлагын 18.4 хувийг эзэлж байна. Тэгвэл ийм хэмжээний хөрөнгө зарцуулж буй төрийн тогтолцоонд хүүхдээ сургаж байгаа айл яагаад дахин өөрийн орлогоос хэдэн сая төгрөг гарган хувийн сургууль сонгох шаардлагатай байна вэ? Эндээс боловсролын салбарын хамгийн том асуултын нэг урган гарч байна.
Бодит амьдрал дээр олон эцэг эх “улсын сургуулийн орчин нөхцөл, хүртээмж хангалтгүй” гэсэн шалтгаанаар хүүхдээ хувийн сургуульд сургахыг илүүд үздэг болсон. Ингэхдээ хэдэн саяар, цаашлаад доллараар хэмжигдэх сургалтын төлбөр төлж, хүүхдийнхээ боловсролын зардлыг дахин өөрийн орлогоос санхүүжүүлэх дарамт үүснэ. Үүнээс харахад “Бид юуны тулд татвар төлдөг вэ?”
Монгол Улсын Боловсролын ерөнхий хуульд төрөөс нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг хариуцах, төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх зохицуулалт бий. Мөн өмчийн хэлбэрээс үл хамааран ерөнхий боловсролын нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл “үнэ төлбөргүй” боловсрол гэдэг нь төрөөс ямар ч зардал гаргахгүй гэсэн үг биш.
Харин ч эсрэгээрээ энэ тогтолцооны санхүүжилтийн эх үүсвэрийн нэг хэсгийг иргэдийн татвар бүрдүүлдэг. Төр 2026 онд боловсролын салбарт 7.53 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн атлаа эцэг эхчүүд хүүхдээ илүү чанартай орчинд сургахын тулд дахин төлбөр төлж байгаа бол төрийн санхүүжилт боловсролын чанар, хүртээмжид хэр хэмжээнд хүрч байна вэ гэсэн асуулт тавихаас өөр аргагүйд хүрч байна.
2025–2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 900 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагийн 712 буюу 79.7 хувь нь төрийн өмчийн, 179 буюу 20.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна. Эдгээр сургуульд нийт 819,907 хүүхэд суралцаж байна. Хувийн 179 сургуульд 80 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа нь нийт сурагчдын ойролцоогоор 10 хувь юм. Түүнчлэн Боловсролын яам өөрөө сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо, суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр өсөх хандлага ажиглагдаж байгааг мэдээлсэн.
2026 оны зургаадугаар сард гаргасан А/119 дүгээр тушаалаараа хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх үндэслэл, тооцооллоо хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн мэдээллээ нийтэд ил тод болгох зэрэг зохицуулалт хийсэн нь энэ асуудал бодлогын түвшинд ч анхаарал татаж байгааг харуулна. Хувийн сургууль бол өөрөө бизнесийн байгууллага. Сургалтын төлбөрөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлж, багш ажилтныхаа цалин, байрны түрээс, сургалтын орчин, тоног төхөөрөмж болон бусад зардлаа нөхдөг.
Тиймээс хувийн сургууль ашигтай ажиллаж байгааг дангаар нь буруутгах үндэслэлгүй. Харин асуудал нь боловсролын хэрэгцээ болон бизнесийн зах зээл хоёрын хооронд ямар холбоо үүсээд байна вэ гэдэгт л байгаа юм. Хэрэвзээ улсын сургуульд хүүхдээ сургах нь чанартай боловсролын хангалттай баталгаа байж чаддаг бол хувийн сургууль нь нэмэлт сонголт хэвээр үлдэнэ. Харин улсын сургуулийн чанарт итгэх итгэл буурахын хэрээр хувийн сургууль “сонголт” биш, “шаардлага” болж хувирч байна. Ингэх тусам өнөөх боловсролын байгууллага томорсоор томорсоор бизнесийн зах зээл рүү аль хэдийн шумбажээ.
2026–2027 оны хичээлийн жилийн мэдээллээс харахад зарим хувийн сургуулийн төлбөр 15 саяас давж, зарим нь хэдэн арван сая төгрөгт хүрч байна. Тухайлбал, Хобби сургууль 22-28 сая төгрөг, Тэрэлж Боардинг сургууль 2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө 29 сая төгрөг, мөн 2026–2027 оны хичээлийн жилд зарим олон улсын сургуулийн төлбөр 100 сая төгрөгөөс давж байна. Жишээлбэл, International School of Ulaanbaatar-ийн ангиас хамаарах төлбөр 125–162 сая төгрөгийн хооронд, British School of Ulaanbaatar-ийнх 37.7–77.2 сая төгрөгийн хооронд мэдээлэгдсэн байна.
Хүүхдээ сайн сургахын тулд эцэг эх өндөр төлбөр төлнө. Төлбөр төлөх боломжтой гэр бүл сайн гэж үзсэн сургуулиа сонгоно. Төлбөр төлөх боломжгүй гэр бүл улсын сургуульд үлдэнэ. Ингэснээр боловсролын чанар, боломж нь өрхийн орлогоос хамаарах эрсдэл нэмэгдэнэ.
Төрийн сургууль сулбайж, хувийн сургуулиуд данхайж байна
Төрөөс боловсролын салбарыг санхүүжүүлж, улсын сургуулийн тогтолцоонд хөрөнгө оруулсаар байгаа ч хүүхдийнхээ авч буй боловсролын чанарт сэтгэл дундуур үлдсэн эцэг, эхчүүд дахин өөрийн халааснаас мөнгө гаргахаас өөр замгүй болжээ. Ингэснээр нэг хүүхдийн боловсролын зардлыг гэр бүл үндсэндээ хоёр дахин үүрч байгаа дүр зураг бий болсон. Нэг талаас иргэн татвараараа дамжуулан төсөв бүрдүүлж, төрийн боловсролын тогтолцоог санхүүжүүлнэ.
Нөгөө талаас улсын сургуулийн чанар, орчин, багшийн хүртээмж зэрэгт сэтгэл хангалуун бус байгаа учраас хүүхдээ хувийн сургуульд сургахын тулд өндөр хэмжээний сургалтын төлбөр дахин төлнө. Өөрөөр хэлбэл, боловсролын үндсэн үйлчилгээг төрөөс санхүүжүүлж байгаа ч чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд иргэн дахин мөнгө төлөх шаардлагатай болж байгаа нь өнөөгийн боловсролын тогтолцооны зайлшгүй анхаарах ёстой далд хэлбэрийн мөлжлөг явагдаж байна.
Хувийн сургуулийн тоог нэмэгдүүлэх нь өөрөө муу зүйл биш. Харин ч боловсролын салбарт өрсөлдөөн бий болгож, өөр өөр арга зүй, хөтөлбөр, сургалтын орчин, хэлний боловсрол зэрэг олон сонголтыг эцэг эхэд өгөх боломж бүрдээд байна. Гэхдээ хувийн сургуулийг олшруулах нь улсын сургуулийн асуудлыг шийдэх арга биш.
Хэрэв төрийн сургууль чанаргүй хэвээр байхад хувийн сургуулийн тоог нэмээд байвал боловсролын тэгш бус байдал улам нэмэгдэнэ. Учир нь хувийн сургуулийн сонголт нэмэгдсэн ч түүнийг сонгож хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд сургаад байх боломж айл бүрд адил байхгүй. Тэгвэл хүүхэд бүрийн авах ёстой боловсролын чанар яагаад гэр бүлийн орлогоос хамаарах ёстой гэж?
Асуудлын шийдэл нь хувийн сургуулийг хаах, эсвэл хувийн сургуулийн тоог хязгаарлахад огтоос биш. Харин төрийн сургуулийн чанарыг хувийн сургуультай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд юм. Хүүхэд аль дүүрэгт төрсөн, эцэг эх нь хэдэн төгрөгийн цалинтай, хувийн сургалтын төлбөр төлөх боломжтой эсэхээс үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.











тэгээд гэрт ойр сургууль цалинг нь нжмнэ энэ тэр гэхээр дцргшйцээд бгаа биз дээ.