
Шинэ Ерөнхий сайдтай болсноор долоо хоногийн даваа өндөрлөв. УИХ-ын даргын суудлаас буусан өдрөө л Н.Учрал суудал сэлгэн Ерөнхий сайдын суудалд суулаа. Түүний орны хүн буюу дараагийн УИХ-ын дарга болох амбиц, мөрөөдөлдөө зарим нь шатаж явна. Н.Учралын танхимд багтах сонирхол ч өвөртөлж буйгаа зарим нууж хаахгүй ил ярих. Одоо хөшигний ард ямар тохироонууд хийгдэж буй талаар танд хуучилъя.
-Д.Амарбаясгалангийн талаас санал болгосон сайд нар-
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас хөөгдөж гарсан АН-ынхан Н.Учралын Засгийн газарт орохгүй гэж гэдийнэ. МАН ч өнгөрсөн амралтын өдөр хуралдсан Бага хурлаараа АН-ыг засагт оруулахгүй байх дээр нэгдсэн. Одоогоор Н.Учрал ХҮН намд л Засгийн газарт орж ажиллах санал тавиад буй. Хэрэв Т.Доржханд зөвшөөрвөл тэдний намд 2-3 суудал өгнө. Түүний хариуг харж байгаад Үндэсний эвсэлд урилга хүргүүлэх эсэхээ шийднэ.
Гэхдээ бусад намынхантай тохироогоо хийхээс өмнө Н.Учрал намынхаа Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талтай учраа олох хэрэгтэй байгаа. Эс тэгвээс МАН-ын бүлэг нь ч хуралдаж чадахгүй, чуулганы ирц хүрэхгүй нөхцөл байдал руу дахиад л орно. Д.Амарбаясгалангийн тал Н.Учралаас дөрвөн сайдын суудал мөн УИХ-ын даргын суудал хүсэж буй аж.
Тодруулбал,
- А.Ариунзаяа
- Ц.Сандаг-Очир
- Ж.Бат-Эрдэнэ
- С.Амарсайхан нарыг танхимдаа авах.
Харин Д.Амарбаясгалан өөрөө УИХ дарга болох хүсэлтээ хэлжээ. Гэвч Н.Учралын тал түүнийг дахиад УИХ-ын дарга болгомооргүй, гэхдээ тохиролцмоор байгаа. Эсвээс С.Амарсайханд УИХ-ын даргын суудлаа өгөөд, Д.Амарбаясгаланд өөрт нь сайдын суудал өгч магад. Гэхдээ Д.Амарбаясгалангийн тал бүр давраад байвал тохиролцохгүй “жийж”, Н.Номтойбаярын Үндэсний эвсэл, ХҮН нам гээд бусадтай нь хамтарч, ажлаа явуулах хувилбарыг Н.Учрал бас тээж яваа.
-Б.Батцэцэг, Г.Дамдинням нар явахгүй-
Б.Батцэцэг сайдын тухайд 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдон ажилласан. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газарт багтсан, Ерөнхийлөгчийн хүн. Тэр өөрөө явсан ч болно гэжээ. Гэхдээ Ерөнхийлөгч түүнийг явуулах дургүй байгаа бололтой. Нөгөөтээгүүр Гадаад харилцааны сайдад Б.Батцэцэгээс өөр хувилбар МАН-д байхгүй гэх.
Н.Учралын тухайд зарим сайдыг улируулан ажиллуулна гэдгээ түрүүхэн мэдэгдлээ. Түүний ярианаас харахад Б.Батцэцэг, Г.Дамдинням нарыг ямартай ч явуулахгүй, танхимдаа ажиллуулах бололтой.
-Шинэ УИХ-ын даргын сураг-
Эрх баригч нам бүлгийнхээ хурлаар УИХ-ын даргаар хэнийг томилохоо өнөө оройдоо шийдэх бололтой. Эхлээд намынх нь удирдах зөвлөл хуралдах гэнэ. Ж.Энхбаяр, Б.Жавхлан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн хүн болох Л.Энх-Амгаланг тойглох шаардлага байгаа учир Л.Энх-Амгаланд Н.Учрал Боловсролын салбараа хариуцуулах байх. Ингээд УИХ-ын даргын марафоноос нэг хүн нь хасагдаж байгаа юм.
МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд нэр оруулж ирж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авч чадвал тухайн хүн УИХ-ын дарга болно. Одоогоор С.Бямбацогт найраагаа илүү сайн хийж буй гэх. Маргаашийн чуулганаар УИХ-ын даргын томилгоогоо яриад, дараа нь Н.Учралын танхимд багтах хүмүүсийн нэр эцэслэгдэж, энэ долоо хоногтоо яамдууд сайдтай болно.







