
Зунжингаа орой унтаж, өглөө нар аль хэдийнээ өндөрт хөөрчихсөн байхад сэрдэг байсан би есдүгээр сарын нэгний өглөө яагаад ч юм сэрүүлэг дуугарахаас өмнө сэрчихсэн байлаа. Цонхоор тусах өглөөний нар урьдынхаас арай өөр, салхи нь хүртэл зуных шиг халуун биш, сэрүү татан хүрэх нь намар ирснийг сануулах шиг. Хэсэг орондоо хэвтэж байгаад хэдэн өдрийн өмнө авсан цоо шинэхэн пүүзээ өмсөхөө санан год хийтэл орноосоо босов. Ээжийн минь өчигдөр орой жимбийтэл индүүдэж тавьсан цамц, формоо харахад дэндүү таатай. Цүнхэнд хийсэн шинэхэн дэвтрүүд минь намайг хүлээж байх шиг. Цоо шинэ цав цагаахан хуудаснаас үнэртэх тэр танил үнэр, үзүүрийг нь хурцалсан харандаанууд, баллуур хүртэл надад хичээлийн шинэ жил эхэлж буйг улам их мэдрүүлнэ.
Урьд шөнө усанд орж байхдаа л энэ муу борлосон биеийнхээ арьсийг анзааран бодол болов. Энэ зун би хотод бараг байсангүй, өвөөгийндөө зуссан юм. Өглөө бүр сэрэхэд хотын машины дуу чимээ биш, талын салхины исгэрээ, бэлчээртээ гарах гэж буй хонь хурганы майлалдаан цуурайтаж гэрээс гарахад шүүдэрт норсон өвс хөлд зөөлөн хүрнэ.
Өдөржин гэртээ ч суух завгүй, үеийнхэнтэйгээ хөөцөлдөн гүйж, модны цаана нуугдан тоглоод, бөмбөг өшиглөж наадна. Хааяа ямар ч шалтгаангүйгээр чанга чангаар инээлдэх нь сайхан. Наранд өдөржин гүйлдэж улам борлон, өвдөг тохой юу ч үгүй шалбарчихаж. Тэр үед надад энэ бүхэн огт хамаагүй байлаа.
Хэн нэгэн хаа нэгтэйгээс “усанд оръё” гэхэд л бүгд гол руу гүйлдэж, замдаа хэн түрүүлж очихоо үзэн, голын эрэг дээр хүрмэгц хувцсаа тайлан шидчихээд хүйтэн ус руу шууд л үсэрнэ. Усанд ороод нэг нэгэн рүүгээ ус цацаж, усан дор чулуу барьж тоглон, хэн нь хамгийн удаан амьсгалаа түгжиж чадах вэ гэж хүртэл өрсөлдөнө. Өвөөгийн “удаан байж болохгүй ээ, ус хүйтэн шүү” гэж холоос хэлэхийг сонссон ч сонсоогүй юм шиг л тоглосоор байдагсан. Тэрхэн зуур энэхэн бодол өнгөрсөн амралтын урт өдрүүдийг минь товчлон сануулж, дурсамж сэдрээлээ.
07:30 болчихлоо, гараарай, яваарай гэх ээжийн дуунаар хурдан хувцаслаж, цүнхээ үүрээд сургуулийн зүг алхлаа. Тэр хүртэл ханьсах таньдаг хүүхэд нүдээрээ хайж, ангийнхан минь хэр өөрчлөгдсөн бол, зарим нь над шиг хөдөө амраад борлосон байхдаа, Тулгаа надаас өндөр болсон болов уу, би ер нь тамирын хичээл дээр жагсахдаа дээрээсээ хэдэд зогсох бол гэхчилэн элдвийн бодлууд ээлжлэн өөртэйгөө хэсэг ярилцана.
Сургуулийн хаалгаар ороход танил коридор, анги танхим, шат, цонх хүртэл хуучин дурсамжуудыг сэрээж, хэдхэн сарын өмнө “зуны амралт хурдан болоосой” гэж хүсэж байсан бид одоо эргээд нэг ангидаа цугларчихсан сууна.
Зуны турш уулзаагүй бид нэг нэгнээсээ юу хийснийг сониучирхан асууж, хаашаа явснаа ярьж, хэн нь хэр их борлосныг хүртэл харьцуулна. Хонх жингэнэн дуугарч, ангийн шуугиан аажмаар намдана. Багш инээмсэглэн орж ирээд шинэ хичээлийн жилийн мэнд хүргэхэд бүгдээрээ цовоо дуугаар мэндчилнэ. Энэ мөчид л амралт үнэхээр дуусаж, бидний өмнө амьдралын маань ахин нэг шинэ хуудас эхэлж буйг зарлана.
Одоо том болоод бодохнээ тэр зун миний хувьд зүгээр нэг өнгөрсөн зуны амралт байгаагүй юм байна. Өвөөгийн минь намс намс алхаа, голын хүйтэн ус, наранд борлосон божин бор арьс, шалбарсан өвдөг, орой болтол үргэлжилсэн хүүхдүүдийн инээд өнөөдөр миний хамгийн нандин дурсамж болон үлджээ. Хамгийн их санадаг нь өвөөгийн минь холоос “гэртээ ор” гэж дуудах чимээ. Тэр үед би сонсохгүй дүр эсгэн тоглосоор байдаг байсан бол одоо тэр дууг дахин нэг сонсохсон гэж бодох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн өнгөрснөө биш, өнгөрсөндөө үлдээсэн хүмүүс, мэдрэмжүүдээ илүү их санадгийг одоо л ойлгож байна.
Шинэ дэвтрийн цаасны үнэр, намрын сэрүүхэн салхи, сургуулийн хонхны дуу надад тэр зуныг, тэр намрыг дахин сануудах шиг. Тэгэх бүрд би нэг зүйлийг боддог. Хүүхэд нас гэдэг дуусдаггүй юм биш, харин эргэж очих боломжгүйд л оршдог юм байна. Харин дурсамж нь бидний дотор үлдэж, хааяа нэг үнэр, амт, чимээнээр буцаж ирдэг ажээ.
С.Бадамханд









