
Дэлхийн хөлбөмбөгийн од, Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси шигшээ багаасаа зодог тайлж буйгаа мэдэгджээ.
2022 онд Аргентины шигшээ багийг дэлхийн аварга болоход чухал үүрэг гүйцэтгэсэн 39 настай Месси Аргентины шигшээ багийн тоглогчийн хувиар 207 тоглолтод оролцож, нийт 125 гоол хийж, Аргентины шигшээ багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцож, хамгийн олон гоол хийсэн тоглогч болсон юм.
Тэрээр шигшээ багийнхаа төлөө бүх зүйлээ зориулсан, харин одоо түүнд шигшээ багтаа өгөх зүйл үлдээгүй хэмээн, шинэ үеийн авьяаслаг залуу тоглогчид ар араасаа гарч ирж байгаа тул зайгаа тавьж өгөх цаг болсныг онцолжээ.
Месси Аргентины шигшээ багийн дебютээ 2005 онд Унгарын эсрэг тоглолтод хийж байсан юм. Тэрээр тоглолтын 63 дахь минутад сэлгээгээр орж ирэн, минут ч хүрэхгүй хугацааны дараа улаан хуудас авч, талбайгаас хөөгдөж байсан билээ. Шигшээ багийн тоглогчийн хувиар оролцсон анхны тоглолт нь азгүйдлээр эхэлсэн ч түүний хөлбөмбөгийн карьер эндээсээ улам өсөн дэвжиж, хөлбөмбөгийн спортын домогт тоглогчдын нэг болсон юм. Месси хөлбөмбөгийн спортын хамгийн нэр хүндтэй шагнал, Оны шилдэг хөлбөмбөгчид олгодог Ballon d’Or буюу Алтан бөмбөгийн эзнээр 8 удаа тодорч байсан билээ.
Тэрээр АНУ-ын “Inter Miami” клубт тоглодог ба түүний тус клубтэй хийсэн гэрээ 2028 онд дуусгавар болох юм.
Эх сурвалж: BBC Sports









