
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө цэцэрлэгийн хүүхэд бүрийг цагаан хорхой болон шээсний билирубины шинжилгээнд хамруулдаг байсан. Харин Эрүүл мэндийн яамны 2025 оны наймдугаар сарын 8-ны албан бичгийн дагуу эдгээр шинжилгээг хүүхэд бүрээс заавал авах шаардлагыг цуцалжээ.
ХӨСҮТ-ийн Зооноз, бруцеллёзын тасгийн дарга Ц.Сэлэнгийн тайлбарласнаар, иргэдийн “цагаан хорхой” гэж нэрлэдэг хүүхдийн хялгасан хорхой нь шимэгчээр үүсдэг халдвар юм. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд нэгээс нөгөөд амархан дамждаг учраас “хүүхдийн цагаан хорхой” хэмээн нэрлэжээ.
Шинжилгээг нийт хүүхдээс заавал авахаа больсон ч шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах шаардлагатай. Хүүхдийн хошного орчим оройн цагаар загатнах, ядарч сульдах, хичээлдээ идэвхгүй болох, бөгсөө маажих зэрэг нь хялгасан хорхойн гол шинж тэмдэгт тооцогддог. Ийм тохиолдолд ХӨСҮТ болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ хийлгэх боломжтой.
Харин нэг анги, бүлгээс гурваас дээш хүүхэд хялгасан хорхойтой нь тогтоогдвол цэцэрлэг, сургууль тухайн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлж, хамтран хариу арга хэмжээ авах шаардлагатай. Эцэг эхчүүд ч хүүхэд нь оношлогдсон бол цэцэрлэг, сургуульд нь мэдэгдэж, эмчилгээ хийлгэх хугацаанд бусдад халдвар тараахаас сэргийлэх хэрэгтэй.
Хүүхдийн дотуур хувцсыг өдөр бүр сольж, усанд тогтмол оруулахын зэрэгцээ орны цагаан хэрэглэлийг 55-аас дээш хэмийн халуун усанд угааж, индүүдэхийг зөвлөж байна. Мөн гараа хооллохын өмнө болон бохирдсон тухай бүрд угаах, гараа амандаа хийх зуршлаас татгалзуулах, цэцэрлэгийн тоглоомыг тогтмол угааж халдваргүйжүүлэх нь халдвараас сэргийлэх үндсэн арга юм.
Шээсний билирубины шинжилгээг ч цэцэрлэгийн бүх хүүхдээс заавал авах шаардлагагүй гэж үзжээ. Монгол Улс 2012 онд гепатит А буюу иргэдийн нэрлэж заншсанаар “бохир гарын шар өвчин”-ий эсрэг вакциныг нэвтрүүлснээс хойш өвчлөл эрс буурсан байна. Сүүлийн гурван жилд 2-6 насны хүүхдийн дунд уг халдвар бүртгэгдээгүй учраас шинж тэмдэггүй хүүхэд бүрд урьдчилан шинжилгээ хийх нь ач холбогдол багатай гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ.
М.Солонго









