
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргажээ
Хатгал тосгоны нутаг Тойлогтын үзүүр хэмээх газарт Хөвсгөл нуурт 23 метрийн гүнд живсэн “Зил-131” автомашиныг татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өгчээ. 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.
Тус автомашин өнгөрсөн нэгдүгээр сард 10 куб хуурай түлээ ачсан явахдаа живсэн юм. Тухайн үед автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөсний зузаан 30-40 см, мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн бөгөөд аль талаараа машин очих боломжгүйгээс гадна түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай тул татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.
Татан гаргах ажиллалаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн оролцжээ.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, зургаан иргэн амь насаа алджээ. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.








