Хоёрдугаар сарын 11-нд Финланд улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт зохион байгуулагдаж, дүн гарлаа. Сонгуульд ерөнхий сайд асан, барууны үзэлтэй Александр Стубб олонхын санал авч ялалт байгуулснаар Финланд улсын 13 дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Тэрээр нийт саналын 51,6 хувийн саналыг авч өрсөлдөгч болох Пекка Хаавистогоос ердөө 3,2 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулсан юм. Александр Стубб нь сонгуульд нэр дэвшихээ зарласан цагаасаа хойш урьдчилсан санал хураалтуудад тэргүүлсээр ирсэн. Тэрээр консерватив үзэлт Үндэсний эвслээс нэр дэвшсэн. Түүний хувьд Финланд улсын 12 дахь ерөнхийлөгч болох Саули Ниинистогийн үзэл санааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Саули Нинисто нь Финланд улсыг гадаад бодлогын хувьд барууны, тэр дундаа НАТО-гийн гишүүн улс орнуудтай таатай харилцаатай байхыг дэмждэг.
Тиймдээ ч ерөнхийлөгч байх хугацаандаа Финланд улсыг НАТО-д элсүүлж чадсан гэж шинжээчид дүгнэдэг. Харин Александр Стуббээс тун ойрхон саналын зөрүүгээр ялагдсан гадаад хэргийн сайд асан Пекка Хаависто нь Ногоон намын нэр дэвшигч, зүүний үзэлтэн юм. Пекка Хаавистогийн хувьд ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшиж байгаа нь энэ. Үүний өмнөх хоёр сонгуульд хоёуланд нь Саули Ниинистогийн араас жагсан ялагдаж байсан нь энэ удаа дахин давтагдсан хэрэг болж байна. Тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрөн хийсэн мэдэгдэлдээ Александр Стуббэд баяр хүргэж, “Финланд улс туршлагатай, чадвартай ерөнхийлөгчтэй боллоо” гэсэн байлаа. Энэ удаагийн Финландын ерөнхийлөгчийн сонгууль нь Финланд НАТО-д элссэнээс хойших анхны ерөнхийлөгчийн сонгууль гэдгээрээ онцлог. Финланд нь Шведийн адилаар олон зуун жил төвийг сахих байр суурь баримталж ирсэн ч 2022 оны 2-р сарын 24-нд Орос, Украины дайн эхэлснээс хойш НАТО-д нэгдэх хүсэлтээ гаргаж, гишүүнээр элссэн байдаг.