Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.6 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх сараас 2.4 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.6 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 7.6 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 4 дүгээр сард өмнөх оны эцсээс 5.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 12.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, тээврийн бүлгийн үнэ 1.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 4 дүгээр сард өмнөх сараас 2.4 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.3 хувь ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 10.9 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 4 дүгээр сард 6.0 хувь, 2019 оны 4 дүгээр сард 7.0 хувь, 2020 оны 4 дүгээр сард 4.7 хувь гарч байсан бол 2021 оны 4 дүгээр сард 5.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгдсэн байна.