
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
- Экспорт 10.4 тэрбум ам.доллар,
- Импорт 6.1 тэрбум ам.долларт хүрч,
- Худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын тус тус ашигтай гарсан байна.
Энэ нь 2025 оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 3.8 тэрбум ам.доллароор буюу 57.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Экспортын өсөлтөд:
- Зэсийн хүдэр, баяжмалын экспорт 2.3 тэрбум ам.доллар,
- Нүүрсний экспорт 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь хамгийн их нөлөө үзүүлсэн байна.
Самнасан ноолуурын экспорт 54.1 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус өсжээ. Харин зарим бүтээгдэхүүний экспорт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал, тунгаасан зэс ба зэсийн хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 сая ам.доллароор тус тус буурчээ.
Бүтцээр нь авч үзвэл, эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын эдлэл болон нэхмэл бүтээгдэхүүн нийт экспортын 97.6 хувийг бүрдүүлсэн байна.









