
Японы баруун зүгийн 69 мянга орчим хүн амтай Явата хотын дарга Шоко Кавата энэ даваа гарагт жирэмсний амралтаа авсан нь дотооддоо шүүмжлэлийг дагуулж, олон улсын анхаарлыг татав.
2023 онд 33 насандаа Японы хамгийн залуу хотын дарга болсон Шоко Кавата, “Жирэмсний амралт авч байгаа хотын анхны дарга болж байгаагаа мэдээд маш их гайхсан. Хотын даргын албан тушаалд өмнө нь маш цөөн бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ажиллаж байсныг ухаарлаа. Хүмүүс жендерийн тэгш байдал, ажлын байрны соёлыг сайжруулах тухай ярьдаг ч хамгийн түрүүнд бид бүх түвшний албан тушаалтнууд тэр дундаа удирдах албан тушаалтнууд хүүхэдтэй болохоосоо ичдэггүй нийгмийг бүтээх ёстой. Эс бөгөөс төрөлт буурч, энэ нь цаашлаад хүн амын өсөлт, эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна” хэмээн Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн жил Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон юм. Дэлхийн Эдийн засгийн форумын судалгаагаар жендерийн тэгш байдлаараа 148 орноос 118-д, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо тал дээр 125-д жагсдаг билээ.
Японд эмэгтэйчүүд албан байгууллагынхаа дотоод журмаас хамаарч ойролцоогоор 14 долоо хоногийн хугацаатай жирэмсний амралт авах эрхтэй бөгөөд энэ хугацаандаа цалингийнхаа 2/3-ыг, амаржсаны урамшууллын хамт авдаг аж.
Явата хотын оршин суугчдын дийлэнх нь Шоко Яватагийн жирэмсний амралт авах шийдвэрийг дэмжиж байгаа бол зарим нь түүнийг амралтын хугацаандаа цалингаа 100 хувь авна гэдэгт дургүй байгаагаа илэрхийлжээ.









