
Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ДАШТ-ий үеэр цацсан “Хөлбөмбөгчид” нэртэй шинэ уран бүтээл сошиал орчинд шүүмжлэл, элэглэл дагуулж, хөгжөөн дэмжигчдийн дунд багагүй маргаан өрнүүлээд байна.
Цацагдсан даруйдаа уг бүтээлтэй холбоотой постууд олон нийтийн сүлжээгээр тархаж, зарим хэрэглэгчид “Шакира гарах гэж байгаа юм шиг эхэлснээ дундаа Тамирчны өдөр болоод, төгсгөлдөө анимэний сүлд дуу шиг дуусчихлаа.” хэмээн хошигнон бичжээ.
Шүүмжлэлийн гол бай нь дууны хэв маяг болжээ. Хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн үзэж буйгаар дэлхийн аварга, тив дэлхийн томоохон тэмцээнүүдийн дуу ихэвчлэн эрч хүч, өрсөлдөөн, ялалтын мэдрэмжийг илэрхийлсэн поп, латин поп, афробит, электро эсвэл бүжгийн хэмнэлтэй байдаг. Шакирагийн “Waka Waka”, “La La La” зэрэг бүтээлүүд өнөөдөр ч ДАШТ-ий уур амьсгалын бэлгэ тэмдэг хэвээр үлдсэн нь үүний тод жишээ гэж тэд онцолж байна.
Харин “Хөлбөмбөгчид” дууны тухайд зохиолын болон нийтийн дууны өнгө аяс давамгайлсан нь олон хүний хувьд гэнэтийн сонголт болсон бололтой. Зарим фенүүд “Хурд хүчний спортын сүлд дуу гэхээсээ баяр наадмын тоглолтын дуу шиг санагдлаа.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байна.
Сошиал дахь хэлэлцүүлгийг ажиглавал олон хүн уг асуудлыг МХБХ-ын удирдлага, бодлого, шийдвэр гаргалттай холбон ярьж байна.
Ц.Анандбазар холбооны ерөнхийлөгч болсноос хойш Монголын хөлбөмбөгийн хөгжил биш удирдлагын маргаан, клубүүдийн эсэргүүцэл, санхүүгийн асуудал, лигийн тодорхойгүй нөхцөл байдал илүү их яригдах болсон гэж үздэг хэсэг бий. Тиймээс шинэ дууг тойрсон шүүмжлэл нь холбооны үйл ажиллагаанд хандсан хуримтлагдсан бухимдлын илэрхийлэл болсон гэх байр суурь ч сошиалд хүчтэй ажиглагдаж байна.
Зарим хэрэглэгчид “Монголын хөлбөмбөгт шинэ сүлд дуунаас илүү шинэчлэл хэрэгтэй байна.”, “Лигээ тогтвортой хөгжүүлж чадахгүй байж сүлд дуу хийлгээд яах вэ.” гэх мэт сэтгэгдэл үлдээж байгаа бол нөгөө хэсэг нь холбоо хөгжөөн дэмжигчдийн соёл, орчин үеийн хөлбөмбөгийн чиг хандлагыг мэдрэхгүй байна гэж шүүмжилжээ.
Мэдээж урлагийн бүтээл хүн бүрд өөр өөрөөр хүрдэг. Зарим сонсогчид уг дууг эх оронч өнгө аяс шингээсэн, монгол хэв маягтай болсон хэмээн эерэгээр үнэлж байгаа ч цахим орчин дахь нийтлэг хандлага одоогоор шүүмжлэл давамгай байна.









