
Монгол улсад электрон тамхи, вейпээр дамжуулан хар тамхи, мансууруулах бодис хэрэглээд байж болзошгүй гэх мэдээлэл ойрын өдрүүдэд тархаад байгаа билээ. Монгол улсад электрон тамхи ямар ч хуулийн зохицуулалтгүй гаалийн татвар 0 төгрөгөөр тооцогддог учраас маш их хэмжээгээр орж ирж өсвөр үеийнхний дунд тархаад байгаа билээ. Таны хүүхэд электрон тамхи, хар тамхийг хэрэглэж байж болзошгүй үүднээс сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.
Барууны орнууд тэр дундаа Америкийн нэгдсэн улсад марихуаны идэвхтэй бодис болох THC (тетрагидроканнабинол) агуулсан электрон, вейп тамхи нь маш өргөн тархсан бөгөөд муж улсуудын хуулиас хамааран худалдаалагддаг.

Тэгвэл манай улсад электрон, вейп тамхины ямар ч хууль байдаггүй учраас хар тамхи агуулсан электрон тамхи орж ирээд байж болзошгүй талаар ГЕГ-аас тодруулахад электрон тамхиар дамжин хар тамхи орж ирсэн тохиолдол гарч байсан хэдий ч энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн Цагдаагийн ахлах дэслэгч М.Даваасамбуугаас тодруулахад “электрон тамхины шингэнд дроп, хар тамхи хийж хэрэглэсэн тохиолдол илэрсэн яг гаднаас вейпээр дамжиж хар тамхи орж ирсэн тохиолдол байхгүй” гэв.


2005 онд батлагдсан Тамхины хяналтын хууль болон бусад онцгой албан татварын тухай хуулиар янжуур тамхийг онцгой албан татвартай болгосон. Гэтэл сүүлийн жилүүдэд электрон болон вэйп тамхи худалдаалж, хэрэглэгчдийн нас залуужиж, одоо бүр хар тамхины нэг суваг болж байгаа нь манайд төдийгүй дэлхий улс орнуудад аюул дагуулж байна.
НЭМҮТ-ийн зөвлөх эмч, донтох эмгэг судлаач К.ЕЛЕНА: “Вейп хэлбэртэй синтетик аналог агуулсан эд баримт байна. Гааль юу оруулж ирж байгааг сайн шалгах хэрэгтэй. Зөвхөн никотин гэж ярьдаг ч цаана нь мансууруулах бодис орж ирэх үүд нээгдсэн байна”.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг болон гишүүдийн санаачлан боловсруулж, УИХ-ааар хэлэлцүүлж байгаа Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн хяналт, хязгаар байхгүй, замбараагүй худалдагдаж буй электрон болон вэйп тамхийг татвартай, хязгаартай болгож нийгмийн, өсвөр насныхны хортой хэрэглээнээс хамгаалах зохицуулалтыг оруулах нэн шаардлагатай байна.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг ”Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүн хортой. Манай монгол улсад электрон тамхи хуулийн зохицуулалтгүй учраас зар сурталчилгаа их хийгдэж, зарж болох бүх газруудаар хэмжээгүй зарагддаг. Амт, өнгө үзэмжээр нь хэрэглэж эхлээд өсвөр үеийнхэн нэгнийгээ уруу татаж хэрэглэдэг. Албан ёсны тоо судалгаагаар 2023 онд дөрвөн хүн тутмын нэг нь электрон болон вейп, таван хүн тутмын нэг нь янжуур тамхи хэрэглэдэг гэх тоон судалгаа гаргасан”.









