
Тайваньчууд дроны сургалтад олноороо хамрагдах болжээ
ОХУ-Украины дайнд байлдааны дронууд нь Украин улс ОХУ-ын эсрэг сөрөн зогсоход гол үүрэг гүйцэтгэж буйтай холбоотойгоор Тайванийн энгийн иргэд дрон удирдах сургалтад олноороо хамрагдах болжээ. Хятадын эрх баригчид Тайванийг шаардлагатай бол хүч хэрэглэн БНХАУ-д нэгтгэхээ илэрхийлж, Тайвань арлын ойролцоо тогтмол цэргийн сургуулилт явуулах болсонтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд тайваньчууд гамшгийн аюулын үеийн сургалт, анхны тусламж үзүүлэх сургалтад олноороо хамрагдах болсон байна. Тус арал дээр иргэний хамгаалалтын сургалт явуулдаг сайн дурын байгууллагуудын тоо огцом өсжээ.
Төрийн бус иргэний хамгаалалтын Kuma Academy дээр дроны сургалт явуулж буй Тан Цун И түүний сургалт тайваньчуудад тулааны талбар дээр дрон ашиглах давуу талуудыг ойлгуулж байгааг онцолжээ. Kuma Academy дээр явагдаж буй дроны сургалт эрэлт өндөртэй байна. Тус академийн суудал нь дүүрсэн тул 8-р сарыг дуустал бүртгэл нь хаагдсан байна.
Түүнээс гадна Тайванийн нийслэл Тайпей хотын зарим ахлах сургуулиуд сурагчдадаа дрон угсрах, дроны тусламжтай эрэн хайх, аврах ажиллагаа явуулах сургалт орж эхэлжээ. 2024 онд Тайванийн эрх баригчид дрон эзэмших насны доод хязгаарыг 14 нас болгон бууруулжээ.
Өнгөрсөн 12-р сарын байдлаар Тайваньд бүртгэгдсэн дронуудын тоо 39 мянгыг давжээ. Украины зэвсэгт хүчин өдөр болгон ОХУ-д олон мянган дроны цохилт үзүүлсээр байгаа ба ОХУ-Украины дайнд амь үрэгдсэн Оросын цэргүүдийн 60 хувь нь Украины дроны цохилтын улмаас амь үрэгджээ.








