
Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” өнөөдөр хөшгөө нээлээ
IJF буюу Олон улсын жүдогийн холбооны цуврал тэмцээн болох “Улаанбаатарын Их дуулга” өнөөдөр/2026.06.19/ эхэлж байна. Энэ жилийн тухайл таван тивийн 58 орны 454 тамирчин өрсөлдөж байгаа. Ирэх 2028 оны “Лос Анжелес-2028” олимпын эрхийн төлөөх чансааны оноо олгож буй гэдэг утгаараа дэлхийн шилдэг тамирчид иржээ.
Шилдгүүдийг дурдвал дэлхий, Европын аварга Оросын Тимур Арбузов, дэлхийн аварга асан Бельгийн Маттиас Кассе, олимпын аваргууд болох Хидаят Гейдаров, Зелим Коцоев, олимп, дэлхийн аварга Абэ Үта зэрэг дэлхийн шилдэг жүдочид Монголд ирээд буй.
Харин Монгол Улсаас нийт 14 жинд 56 тамирчин зодоглоно. Зохион байгуулагч орон гэдэг утгаараа нэг жинд дөрөв хүртэлх тамирчин өрсөлдөх юм. Энэ дунд дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, Э.Ариунболд, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ, Б.Сүхбат тэргүүтэй энэ цагийн шилдгүүд бий.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66 кг болон эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг-ийн барилдаанууд Степпе аренад болж байна.








