
Хүний амьдралын хамгийн дурсамжтай үе бол бага нас. Бага балчир наснаасаа юунд хэрхэн дурлаж, бяцхан зүрхэндээ ирээдүйг яаж төсөөлж, хаашаа зорьж, тэмүүлж буй бүхэн гэгээлэг гоёхон.
Хүн бүр энэ л насандаа ирээдүйн амьдралаа томоор зурахын сацуу хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэдэг. Ийм л гэгээн, ирмүүн зорилгодоо хүрэхийн тулд хүсэл мөрөөдлөө урлаж өссөн нэгэн шавилхан хүү дотоод хүчээ илүү ирлэжээ. Тэр бол Монгол Улсдөө төдийгүй Дэлхийн хэмжээний шилдэг тамирчин болж чадсан хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ Бат-Очирын Сэр-Од юм.

Монголын Форрест Гамп буюу МУГТ, марафонч Б.Сэр-Од хөнгөн атлетикийн спортоор тасралтгүй 25 орчим жил хичээллэж байна
Монголын Форрест Гамп гэдгээр нь түмэн мэднэ. Харин дэлхийд түүнийг Монголын шилдэг марафончч Б.Сэр-Од гэдгээр нь андахгүй. Ингэж тодотгосны учир нь МУГТ Б.Сэр-Од 2004 оны Афины зуны олимпоос хөл тавьсан цагаасаа хойш 6 удаагийн зуны олимпод хурд хүчээ сорьсон. Үүгээр ч зогсохгүй хөнгөн атлетикийн 12 удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй хурд хүчээ сорин өрсөлдсөн билээ. Зөвхөн энэ үзүүлэлтээрээ тэрбээр дэлхийд цор ганц бөгөөд Монголын анхны марафонч хэмээн цоллуулж яваа.


Марафон бол тамирчнаас асар их тэсвэр тэвчээр, техник тактик, сэтгэлзүй, шавхагдашгүй хүч, олон өдөр сарын тууштай бэлтгэл сургуулилтын үр дүнг шаарддаг. Ийм хүнд хэцүү тэмцээнд тэр дундаа тасралтгүй тогтмол 12 дахь удаагаа хөнгөн атлетикийн ДАШТ-нд эрхээ авч оролцоно гэдэг бол хэн хүний хүсээд, зориод биелүүлэн дааж чадах амар хялбар, зөөлөн ааруул бишээ.
Ингээд энэ удаад МУГТ Б.Сэр-Одыг түр хугацаагаар эх орондоо ирээд байх үед “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгаа илгээж, нэвтрүүлгийнхээ хойморт хүндэтгэн урьсан юм.


-Сайн байна уу? Юуны өмнө нэвтрүүлгийн урилгыг маань хүлээн авсанд нь маш их талархлаа?
-Сайн байна уу. Монголдоо ирээд удаагүй байна. “Оргилд хүрэх зам” нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.
-Сая 04 дүгээр сард АНУ-ын “Бостоны марафон”-д хурд хүчээ сорьсон. Хөнгөн атлетикийн алдартай марафонуудын ууган бас томоохон өрсөлдөөний нэг. Ер нь томоохон марафонууд шилдгүүд чуулж, өрсөлдөөн дүүрэн өрнөдөг?
-Тийм. 130 дахь жилдээ зохион байгуулсан хамгийн эртний маш алдартай марафон бол Бостоны марафон. Энэ марафонд Монгол улсаа төлөөлөөд элит гараанд гарч уралдсан. Тус марафоны нэг онцлог нь барианаас нэг газраас гараад, шууд шулуун тэр чигтээ гүйсээр байгаад Бостон хотынхоо төвд барианд ордог юм. Ингэж орохдоо Бостоны марафоны замын хувьд бусад улс орны замыг бодвол уруу хэрнээ голдоо маш их өгсүүртэй, бариа нь болохоор уруудаж ордог. Ийм өгсүүр, уруутай бас нэлээн хүнд замд тооцогддог хэрнээ тамирчид маш сайн, өндөр амжилт гаргадаг өвөрмөц онцлогтой зам гэх юм уу.


Бостоны марафонд “Элит” ангилалд уралдсандаа сэтгэгдэл их өндөр байгаа
Бостоны марафонд анх удаа оролцоход үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Яагаад гэхээр дэлхий дээр маш олон том марафон байдаг. Бостоны марафон, Токио, Лондон, Берлин гээд алдартай марафонууд бий. Энэ том марафонд элит гараанд гарна гэдэг нь тухайн тамирчны өөрийнх нь чансаа, нэр хүнд, тухайн нэр хүндийг дагаад Монгол Улсаа сурталчлах цаашлаад Монгол хүн марафон гүйлтэд тодорхой хэмжээний чадвартай шүү, боломж нөхцөл байгаа шүү гэдгийг бас харуулж чадсандаа маш их баяртай байгаа.
-Энэ онд ямар тэмцээн уралдаанд өрсөлдөх төлөвлөгөө гаргасан бэ?
-2026 онд том тэмцээнүүд бий. Нэг нь 4 жилд нэг удаа болдог Азийн наадам буюу “Бага олимп” болно. Ирэх 9 сард Япон улсад болох Азийн олимпт өрсөлдөх том зорилго байгаа. Мөн 10, 11, 12 сард бас он гараад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд Бээжинд болно. Нэмээд 2028 онд Америкийн Лос Анжелес хотод болох зуны олимпын наадмын эрхийн төлөө нэг хүч үзэх төлөвлөгөөтэй байна даа.


-Таны гэргий О.Оюунтуяа багш дасгалжуулдаг. Хэзээнээс гэргийтэйгээ танилцаж, хосын амьдралаа эхлүүлэв?
-Анх бид хоёр 1998 оны 09 сард анх танилцаж байлаа. Би хотоос МУБИС-ийн биеийн тамирын дээд сургуульд, гэргий маань конкурсдээд, Дарханаас нийслэлийг зорин ирж байлаа. Оюутан байхдаа би холын зайд, гэргий маань ойрын зайд гүйдэг тамирчин байсан. Бид хоёр бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд оролцож яваад л танилцсан даа.
Одоо ингээд гэр бүл болоод 20 гаруй жил амьдарч байна. Өдгөө 4 сайхан үрийн аав, ээж болчихсон байна.


-Япон улсын хөнгөн атлетикийн спортод Монголын анхны легионер тамирчин болсон гэсэн үү. Энэ тухайгаа яриач?
-Монгол улсаас анх удаа одоо легионер тамирчнаар 2014 онд Токиогийн олимп хүртэл Японы компанийн нэр дээрээс уралдсан. Ингэхдээ олон улсын тэмцээнд уралдаад, олимп, Азийн наадамд л зөвхөн Монгол Улсынхаа нэр дээрээс уралдах тийм гэрээг Токиогийн олимп хүртэл хийсэн.


Б.Сэр-Од: Ууган охин маань надтай хамт Азийн наадамд ойрын зайд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа
-Өдгөө 4 сайхан үрийн аав, ээж. Хүүхдүүдээс нь хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байгаа юу?
-Том охин маань ойрын зайн гүйлтээр хичээллэж байгаа. Азийн наадмаар 100 метр болон 100 метрийн алхалттай гүйлтийн төрлүүдэд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа.
Гэргий маань дасгалжуулаад л, ингээд бид 3 гэр бүлээрээ Азийн олимпт өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна даа.


Б.Сэр-Од: Зуны олимпын наадамд 6 удаа, 12 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон дэлхийн төдийгүй Монголын цор ганц марафонч болсон
-Хөнгөн атлетик бол дэлхийн бүх спортуудын хатан хаан гэгддэг. Энэ ч утгаараа бүх л спортын суурь нь хөнгөн атлетик гэж хувьдаа боддог юм. Өөрийн тань хувьд 12 удаагийн ДАШТ, 6 удаа зуы олимпт тасралтгүй, тууштай эрхээ авч оролцон гэдэг нь хэн хүний хүсээд, зориод чадах амар даваа биш. Иймдээ ч таныг Монголчууд Форрест Гамп хэмээн нэрийдээд буй?
-Инээв. Энэ спортод нэг дурласны хамгийн гол чанар нь надад тууштай зан чанарыг суулгаж өгсөн. Багш, бид хоёрын гол зорилго юу вэ гэхээр Монгол хүн буудлага, жүдо, боксын төрлөөр олимпын наадмаас медаль авсан. Харин бид энэ спортыг илүү таниулах, өөрсдөөрөө үлгэрлэж олон нийтэд сурталчлах, хөнгөн атлетикийн спортод хичээллэж яваа хүүхэд, залууст болом үргэлж бий шүү гэдгийг илүү ойлгуулах итгэл, урам өгч суурийг нь тавьсан гэж хэлж болно.
Анхлан 2000-аад оны эхээр хөнгөн атлетикийн тэр дундаа марафон гүйлтийг тэр бүр хүмүүс мэддэггүй, ойлгодоггүй, дэмждэггүй байлаа. Харин одоо эсрэгээрээ бүгд мэддэг, ойлгодог, тамирчдаа дэмжиж уухайлдаг болсон. Энэ нь тууштай байсны, тасралтгүй хөдөлмөрлөж, зүтгэсний үр дүн гэж бодож байна.
Хэрвээ яг ингээд байгаа боломж нөхцлөөрөө дэмжвэл Монгол хүн марафон гүйлтэд амжилт гаргаад, цаг хугацааны хувьд нэг өдөр олимпоос, дэлхийн аваргаас медаль авах тэр үндэс суурийг нь ингэж тавьж, гаргаж явж буйдаа их баярладаг.
Яг л үүний төлөө өнөөдөр 12 удаагийн дэлхийн аварга, 6 удаагийн зуны олимпт тасралтгүй оролцсон Монголд төдийгүй дэлхийд цор ганц тамирчин болчхоод байж байна.


-Марафон гүйлтэд таны хувьд удаан хугацаанд формоо хадгалдаг нууц нь юу вэ?
-Энэ марафон гүйлтэд өнөөдөр ийм тууштай, өндөр формыг хадгалж явж байгаа нь нэгд өөрийн гэсэн гол зорилго буюу Ноён нуруу. Монгол хүмүүсийн хэлдгээр хамгийн гол нь маш олон салаа зам бол бий. Гэтэл яг тэр олон салаа замаас гол нь яг зөв, өөрийнхөө хувь хүнийхээ болон яг спортынхоо зөв замыг л голлож явах ёстой. Багш бид хоёрын гол баримталдаг зарчим бол хүнд ямар нэгэн байдлаар худлаа хэлээд ч юм уу, худлаа дүр эсгэхийг боддоггүй.
Янз бүрийн асуудал хүмүүс гаргаад яваад байдаг. Тэгэлгүйгээр яг өөрийнхөө тэр итгэл үнэмшлээрээ явах юм уу. Ингэж өөрийнхөө итгэл үнэмшлээр явна гэдэг нь нэг ёсондоо Бурхан багшийн заасан өөрийгөө тайван байлгах нэг зам юм уу? Энэ олон жил ингэж явж байхад хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн бол яах аргагүй дасгалжуулагч багш буюу О.Оюунтуяа. Гэргий минь 2003 оноос өнөөдрийг хүртэл 2024 оноос өнөөдрийг хүртэл 4 жил мөн 2 жилийн хугацаатай намайг маш сайн бэлтгэж байгаа. Энэ өндөр ачааллыг авахад гол нөлөө үзүүлж байгаа нь миний гэргий юм. Ингээд бодоод үзэхээр нэгд ар гэр, хүүхдүүд дээрээс нь болохоор дэмжлэг гэх юм уу, ах дүү, хамаатан садан, аав ээж тэдний маань урам өгсөн, дэмжсэн нь энэхүү оргилыг өнөөдөр бий болгоход маш их хүч, гол түлхэц болсон. Төдийгөөс өдий хүртэл бид бор зүрхээрээ л хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн. Мөн биднийг үргэлж дэмжиж, урам хайрладаг Монголын ард түмэндээ баярлалаа.


Монголын ард түмэнд 25 жилийн хугацаанд марафон гүйлтийг таниулж, ойлгуулж чадсан нь маш том ололт. Энэ бүх замыг засаж, бий болгож бүр бусад улс орны тийм өндөр, нөхцөл байдалд ямар нэгэн том пүүс, компанийн хараа хяналтгүйгээр яг өөрсдийнхөө зүрхээрээ тогтвор суурьшилтай бэлтгэл сургуулилтаа хийгээд гарч ирсэн юм болов уу гэж бодож байна.


Улсынхаа рекордыг 2 цаг 8 минут 50 секундийн амжилтаар эзэмшдэг
-Сэтгэлд тань хамгийн тод дурсамж үлдээсэн ямар тэмцээний бариа байна вэ?
-Маш олон л тэмцээн, олимпын наадам байна даа. Тэр дундаас онцолбол миний оролцсон 2 дахь олимп буюу “Бээжин 2008” зуны олимпын наадам. Яагаад гэхээр 2004 онд Афины олимпод урилгаар оролцсон. Бээжингийн олимпод заавал эрхээ авч оролцох шаардлага гарч ирж байгаа байхгүй юу. Хамгийн гол нь олимпынхоо эрхийг авчхаж байгаа юм. Олимпынхоо эрхийг аваад дасгалжуулагч багштайгаа хамт тэр олимпыг зорьсон. Гараа нь Тяньмэний талбайгаас гараад, Бээжингийн төвөөр тойроод, шувууны үүрэн дээр ирж бариандаа орсон. Багш маань намайг гараанаас гаргаад, бариан дээр хүлээж байх тэр мөч үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй сэтгэл маш их хөдөлсөн. (Уйлав)


-Энэ олон жил тууштай байх, зорилгыг нь хүч оруулж өгч буй тэр онцгой мэдрэмж юу вэ?
-2003 онд Парисын дэлхийн аваргад орж байхад Монгол Улс маань 2 сая 100 мянга гаруй хүн амтай байсан. Токиогийн дэлхийн АШТ-д 12 жилийн дараа мөн зургаа дахь олимпдоо оролцоход манай улсын хүн ам маань зөвхөн яг Монголд байгаагаар тооцоолоход 3 сая 400 мянга гаруй болчихсон байх жишээтэй. Ингээд бодохоор энэ 24 жилийн хугацаанд Монголын хүн ам нэмэгдэж байхад, яг тэр хүмүүсийг төлөөлөөд том тэмцээний бариан дээр гарах гээд зогсож байна гэдэг чинь миний ард маш их том итгэл найдвар юмуу даа гэж багш бид хоёр боддог шүү дээ. (инээв)


-Тэмцээн бүр өөр өөр. Гэхдээ өөрт тань одоо ч бодоход хамгийн тод эргэн санадаг ямар өрсөлдөөн бэ?
-Тэмцээн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ 2011 оны дэлхийн аварга юм уу даа. Миний өрсөлдсөн 5 дахь дэлхийн аварга байхгүй юу. Яг энд мөн л ялгаатай нь эрхээ аваад багштайгаа явж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 90 гаруй тамирчнаас 19 дүгээр байрт орсон нь монголчуудаас хамгийн өндөр амжилт гаргасан. Парисын олимп буюу зургаа дахь удаагаа олимпод оролцож буй дэлхийд хамгийн анхны хүн болчхож байгаа байхгүй юу.


Б.Сэр-Од: зуны олимпын хоёр ч наадамд Монголын багийн тугчаар оролцсон нь нэр төрийн хэрэг
-Өөрийн тань хувьд зуны олимпын наадамд хоёр ч удаа Төрийн далбаагаа мандуулан, нээлт болон хаалтын ёслолд тугчаар оролцсон тухайгаа яривал?
-Өмнө нь би чинь 2012 онд Лондоны олимпт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулан тугчаар оролцсон. Маш олон тамирчин олимпын наадмын нээлтийн ёслолд тугчаар оролцох хүсэл мөрөөдөлтэй байдаг. Тэгээд Лондонгийн олимпт тугчаар оролцсон тэр наадамд би булган сүүлтэй гэж боддог. Монгол Улсаас 5 тамирчин буюу 5 медаль зүүсэн. Энэ наадмаас 4 жил урагшлуулан эргэн дурсахад мөн л миний бие тугчаар оролцсон шувууны үүр цэнгэлдэхэд Монголчууд олимпын анхны аваргаа өлгийдөж авсан нь жаврыг нь үргээн, замыг нь засаж өгсөн хүн нь би юм болов уу гэж боддог байхгүй юу. (инээв)


-Өөрийн тань хувьд Монгол Улсын рекордыг эзэмшдэг. Улсын рекордыг эвдээд, тэгээд тасралтгүй эзэмшинэ гэдэг нь тухайн тамирчны тууштай хичээл зүтгэл, уран чадвар юм болов уу?
-Намайг 2003 оны Парисын дэлхийн аваргад оролцдог жил Монгол Улсын марафон гүйлтийн рекорд 2 цаг 36 минут орчим байсан. Энэ нь 1984, 1985 онд Бадарч гуайн хийсэн рекорд байсан.
Миний хувьд 2003 онд Францын Парис хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр 2 цаг 26 минут 39 секундийн амжилтаар улсын рекордоо шинэчлэн тогтоосон. Ингэснээр хамгийн анх Монгол Улсын марафон гүйлтийн рекордыг эзэмшсэн байгаа. Энэ мөчөөс хойш 2007, 2008 он, 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудад жил дараалж, Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож явсан. Тэгээд хамгийн сүүлд 2014 оны 12 сарын 6-ны өдөр Япон улсын Фукок хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд 2 цаг 8 минут 50 секундийн амжилтаар 3 дугаар байрт шалгарч, хүрэл медаль авч Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байдаг юм.


-Марафон гүйлтийн гоё сайхныг нэгэн өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Зөв замаараа зөв явах юмуу. Тууштай хамгийн гол нь үнэн байх л чухал гэж боддог доо.


Б.Сэр-Од: Би марафон гүйлтийг, тэр гоё эрч хүч, сайхан мэдрэмж өгдөг бүх л онцгой чанарыг “Машин угсрах”-тай тун адилхан гэж хэлнэ
-Зүйрлэбэл та марафон гүйлтийг ямар аргаар тодотгох вэ?
-Би марафон гүйлтийг, тэр гоё эрч хүч, сайхан мэдрэмж өгдөг бүх л онцгой чанарыг “Машин угсрах”-тай тун адилхан гэж хэлнэ. Хамгийн гол нь зөв, цэгцтэй, чанартай угсрах хэрэгтэй.
-Өөрийн дотоод ертөнцөө бидэнтэй харамгүй хуваалцсан танд талархлаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Марафон гүйлтийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, мэдээллэх, нэвтрүүлэг бэлтгэх, спортыг дэмждэг ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ер тэгээд эхлэл цэгээс өнөөдрийг хүртэл харамгүй сэтгэлээр дэмжиж, илүү их хурцлан, зөв залж яваа хайртай гэргийдээ маш их баярлалаа. Түүндээ хандаж хэлэх сайн сайхан, гоё үгс яг одоо миний сэтгэлд, бас тархинд замбараагүй их байгаа ч энэ л цаг үед чамдаа маш их хайртай шүү. Үргэлж талархаж, баярлаж явдгаа илэрхийлмээр байна. (уйлав)
Тэгээд аав, ээж, гэр бүлийнхэндээ, 4 сайхан үрдээ, хамаатан садан, ах дүү, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье.
Ярилцсанд баярлалаа.
Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн видео бичлэг үзэх линк:








