
Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдэхэд жил бүр хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай. Харин энэ мөнгө хаанаас гарах вэ? COP17-ын 12 хоногийн турш энэ асуулт хамгийн их яригдсан сэдвүүдийн нэг байлаа. Монголын хувьд ч хурлын гол үр дүнг “хэдэн долларын амлалт авсан” гэдгээр бус, “хэд нь бодитоор орж ирэх вэ, ямар төсөлд зарцуулагдах вэ, хэдэн га газрыг нөхөн сэргээх вэ?” гэдгээр хэмжих цаг ирж байна.

Улаанбаатарт зохион байгуулагдсан COP17-ын үеэр дэлхийн улс орнууд газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулахын тулд санхүүжилтийн шинэ механизм, хөрөнгө оруулалтын сувгийг бий болгох асуудалд анхаарлаа хандууллаа.
Хурлын хүрээнд 23 улсад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох талаар мэдээлсэн нь энэ удаагийн COP17-ын санхүүжилтийн гол үзүүлэлтүүдийн нэг болов. Үүний тодорхой хэсэг нь шинэ санхүүгийн амлалт, үлдсэн нь өмнө нь амласан боловч одоо хэрэгжиж эхэлж буй эх үүсвэрүүд байлаа. Гэхдээ энэ дүн нь хоёр жилийн өмнө Эр-Риядад болсон COP16-ын үеэр яригдсан 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай харьцуулахад хэд дахин бага байгаа нь газрын доройтлын эсрэг дэлхий нийтийн санхүүжилт хангалттай түвшинд хүрээгүйг харуулж байна.


Дэлхийд жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсэж байна

НҮБ-ын зүгээс газрын доройтлыг зөвхөн байгаль орчны асуудал бус, эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, ус, амьжиргаа, уур амьсгалын тэсвэржилттэй салшгүй холбоотой асуудал гэж тодорхойлж байна.
Өнөөдөр газрын доройтлоос үүдэлтэй эдийн засгийн хохирол дэлхий даяар жил бүр бараг нэг их наяд ам.долларт хүрч байгаа ч энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт ердөө 77 тэрбум ам.доллар орчим байна. Харин газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсэж байна.
Иймээс COP17-ын хамгийн чухал асуудлын нэг нь “мөнгө хэрэгтэй” гэдгийг дахин хэлэх бус, тэр мөнгийг хэрхэн татах вэ гэдэгт байлаа.
COP17 зөвхөн амлалтын хурал байсан уу?
Энэ асуултад Монголын хувьд “зөвхөн амлалт яригдсан” гэж хариулахад учир дутагдалтай. Учир нь хурлын үеэр олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах суурь болсон гэрээ, санамж бичиг, хамтын ажиллагааны хэлэлцээрүүд байгуулагдсан.
Тухайлбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас ойн салбарт 200 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах боломжтой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын суваг нээж, Дэлхийн банкны групптэй гурван салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт татах чиглэлээр яриа хэлэлцээр хийжээ.
Нийслэлийн хувьд ч хөрөнгө оруулалтын боломж нээгдсэн байна. COP17-ын үеэр 30 орчим хот, бүс нутгийн удирдагч оролцсон Mayors’ Forum зохион байгуулагдаж, хот, бүс нутгийн түвшинд газрын тогтвортой менежмент, гангийн тэсвэржилтийг сайжруулах, хотуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тусгасан Ulaanbaatar Declaration баталсан.


Монголын бэлчээр хөрөнгө оруулалтын талбар болж чадах уу?
Монголын хувьд энэ боломж хамгийн их хамаарах салбарын нэг нь бэлчээр. Манай улсын газар нутгийн дийлэнх хэсэг бэлчээрийн зориулалттай. Харин уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, малын тоо толгой, усны хүртээмж зэрэг олон хүчин зүйл бэлчээрийн даацад дарамт үзүүлж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд зөвхөн малчдад зөвлөгөө өгөх бус, бэлчээрийн нөхөн сэргээлтийг хэмжиж, үр дүнг нь баталгаажуулж чаддаг систем шаардлагатай.
Энэ чиглэлд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран хиймэл оюун ухаанд суурилсан бэлчээрийн хяналтын систем танилцуулсан. Хиймэл дагуулын мэдээлэл болон малчдын ирүүлсэн мэдээллийг нэгтгэснээр бэлчээрийн эрүүл мэнд, нүүрстөрөгчийн нөөцийг хянах боломж бүрдэж байна.
Энэ нь зөвхөн мониторингийн систем биш. Хэрэв мэдээлэл нь найдвартай, олон улсын стандартад нийцэж чадвал ногоон санхүүжилт татахад ашиглах өгөгдлийн суурь болох боломжтой. Үндэсний Ногоон лабораторид ирүүлсэн 135 төслөөс 15 төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь энэ чиглэлийн эхлэл болж байна.
Ноолуурын цаана бэлчээр бий
Монголын бэлчээрийн асуудал дэлхийн зах зээлтэй хэрхэн холбогдож болохыг ноолуурын салбар тодорхой харуулж байна. Италийн тансаг зэрэглэлийн Loro Piana брэнд Монголын ноолуурыг ашигладаг. Түүхий эдийн нийлүүлэлтээ тогтвортой байлгахын тулд зөвхөн ноолуурын чанарт бус, малчин, мал, бэлчээр, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийлүүлэлтийн сүлжээний суурь асуудлуудад анхаарах шаардлагатай болж байна.
Дэлхийн зах зээлд “Монгол ноолуур” гэдэг нэр хүндийг хадгалах эсэх нь зөвхөн экспортын хэмжээнээс бус, түүхий эд ямар нөхцөлд үйлдвэрлэгдэж байна вэ? Бэлчээр хэрхэн ашиглагдаж байна вэ? Малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой юу? гэдгээс хамаарах ирээдүй рүү шилжиж байна.


Усгүйгээр газрыг нөхөн сэргээх боломжгүй

COP17-ын үеэр газрын доройтол, ган, усны хомсдлыг тус тусад нь шийдэх боломжгүй гэсэн байр суурь хүчтэй тавигдсан. Ялангуяа “Усны өдөр”-өөр усны аюулгүй байдал, газрын нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдлыг нэг цогц асуудал болгон авч үзсэн. Энэ нь Монголын хувьд ч онцгой ач холбогдолтой. Учир нь гангийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр усны хүртээмж, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, бэлчээрийн нөхөн сэргээлтийн асуудал нэг дор огтлолцоно.
Тиймээс цаашид Монголд хэрэгжих ногоон төслүүд ус + газар + хүнс + уур амьсгалын тэсвэржилт гэсэн уялдаатай байх шаардлагатай.
Бүс нутгийн хамтын ажиллагаа | Дундговь, Хятад, Казахстан
Цөлжилттэй тэмцэх асуудал улс орны хилээр хязгаарлагддаггүй. Монголын хамгийн цөлжилттэй бүсүүдийн нэг болох Дундговь аймагт хэрэгжиж буй төслүүд, мөн Хятад, Казахстантай хийж буй хамтын ажиллагаа нь газрын доройтол, гангийн эрсдэлийг бүс нутгийн түвшинд авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Ялангуяа хил дамнасан экосистем, усны нөөц, бэлчээрийн менежмент, тоос шороон шуурга зэрэг асуудлыг нэг улсын хүрээнд шийдэх боломж хязгаарлагдмал.


“Нарлаг Монголын малчин” хөтөлбөр

COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг Монголын үндэсний түвшинд хэрэгжүүлэх нэг жишээ нь “Нарлаг Монголын малчин” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тохирсон нь Монголын малчдыг дэлхийн газрын нөхөн сэргээлтийн зорилттой холбох боломжийг бий болгож байна. Эндээс харахад малчин бол зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хүлээн авагч биш. Харин бэлчээрийн зөв менежмент, нөхөн сэргээлтийн гол оролцогч болж чадна.
12 өдөр, 110 мянган зочин, 756 арга хэмжээ
12 өдрийн хугацаанд 110 мянга орчим зочин Монголд хүрэлцэн ирж, үүнээс Цэнхэр бүсэд 20 мянга, Ногоон бүсэд 85 мянган хүн давхардсан тоогоор оролцжээ. Хурлын үеэр Цэнхэр болон Ногоон бүсэд нийт 756 арга хэмжээ зохион байгуулагдаж, үйлчилгээний салбарт 3000 орчим хүн, мөн олон тооны сайн дурын ажилтан, ажилтан оролцсон байна. Энэ нь COP17-ыг зөвхөн хэдэн өдөр үргэлжилсэн дипломат уулзалт бус, Монголын аялал жуулчлал, үйлчилгээ, зочлох үйлчилгээ, нийтийн тээвэр, бизнесийн салбарт бодит хөдөлгөөн бий болгосон томоохон арга хэмжээ болголоо.


Харин одоо COP17-ын дараа юу үлдэх вэ?

COP17 өндөрлөснөөр Монголын хийх ажил дуусахгүй, харин үндсэн ажил эхэлж байна. Дэлхий нийтээр газрын доройтлыг тэглэх, цөлжилттэй тэмцэхэд олон тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Монгол Улсын хувьд ч ой, бэлчээр, ус, гангийн тэсвэржилт, ноолуур, ноос, хөдөө аж ахуйн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээ зэрэг чиглэлд 5 их наяд төгрөгийн хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр, санамж бичгүүд яригдаж, байгуулагдлаа.
Амлалтыг гэрээ болгох, гэрээг хөрөнгө оруулалт болгох, хөрөнгө оруулалтыг бодит нөхөн сэргээлт болгох нь COP17-ын дараах Монголын хамгийн том сорилт энэ юм.











