
Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхэд бүр баяр хөөртэй байдаггүй. Цэцэрлэг, сургуульд анх орох, шинэ анги хамт олонд шилжих үед айж түгших, дуугаа хураах, уурлах, уйлах, хичээлдээ явах дургүй болох зэрэг өөрчлөлт илэрч болно. Энэ нь хүүхэд шинэ орчиндоо дасан зохицож буй хэвийн үйл явц гэдгийг “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Д.Батчимэг тайлбарлалаа.
Шинэ орчинд дасахад хугацаа хэрэгтэй
Цэцэрлэг, сургуульд орох болон өөр сургуульд шилжих нь хүүхдийн амьдралд тохиох томоохон өөрчлөлтийн нэг юм. Шинэ анги, багш, найз нөхөд, өдрийн дэглэмтэй болохын зэрэгцээ хүүхдэд өмнөхөөсөө илүү олон үүрэг, хариуцлага ногдоно.
Ялангуяа зургаан настай хүүхэд цэцэрлэгээс сургуулийн орчинд шилжихдээ эцэг эхээсээ сэтгэл зүйн хувьд тусгаарлагдаж, бие даах үйл явцаа эхлүүлдэг. Энэ үед хичээлдээ явах дургүй болох, дуугүй болох, эсэргүүцэх, уурлаж бухимдах зэрэг зан үйл гарч болно. Харин үүнийг хүүхэд муухай аашилж байна гэж ойлгохоос илүү шинэ орчиндоо дасах явцын илрэл гэж хүлээн авах хэрэгтэй.
Шинэ орчинд бүрэн дасахад дунджаар гурван сар орчим хугацаа шаардагдаж болох бөгөөд хүүхэд бүрийн дасан зохицох хурд харилцан адилгүй. Тиймээс эхний өдрүүдэд нь яаран дүгнэхгүй, анги хамт олон, найз нөхөд болон шинэ дэглэмдээ дасах боломжийг нь өгөх нь чухал аж.
Сургууль, цэцэрлэгийн талаар хүүхдэд хэт эерэг эсвэл хэт сөрөг төсөөлөл төрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. “Сургууль дээр бүх зүйл гоё байна” хэмээн хэт сайхнаар ойлгуулах, эсвэл “Багшийнхаа үгэнд орохгүй бол загнуулна” гэж айлгахын оронд тэнд хэн байдаг, хүүхдүүд юу хийдэг, хичээл хэр удаан үргэлжилдэг талаар бодитоор тайлбарлах нь шинэ орчинд бэлтгэхэд тусална.
Зургаан настай хүүхэд сурагч болсон ч тоглох нас нь хэвээр үлдэнэ
Зургаан настай хүүхэд сургуульд орж, суралцах үйл явц нь эхэлсэн ч тоглох хэрэгцээ нь хэвээр үлддэг. Өдөржин ангидаа сууж, багшийн заавар болон сургуулийн дүрэм журмыг дагаж, шинэ хамт олондоо дасахын тулд сэтгэл зүй, оюун ухааны өндөр ачаалал авч байдаг.
Иймээс хичээлээс нь ирмэгц гэрийн даалгавар хийлгэх, нэмэлт давтлага, дугуйланд явуулахын оронд эхлээд амрах, тоглох, хөдөлгөөн хийх боломж олгох хэрэгтэй. Энэ нь хүүхдийн анхаарал төвлөрөл болон суралцах чадварт эергээр нөлөөлөхөөс гадна сургуульдаа дуртай байх хүсэл сонирхлыг нь дэмжинэ.
Зургаан настай хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа ойролцоогоор 5-10 минут байдаг. Тиймээс гэрийн даалгаврыг удаан хугацаагаар тасралтгүй хийлгэх бус, 5-10 минут хичээллүүлээд богино завсарлага авч, дахин үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй.
Хүүхэд бүрийн суралцах болон дасан зохицох хугацаа өөр учраас бусадтай харьцуулж, загнаж шүүмжлэх нь зохимжгүй. Харин хийж чадсан зүйл дээр нь тулгуурлан магтаж, урамшуулах хэрэгтэй. Ялангуяа зургаан настай хүүхэд эцэг эхийн магтаал, шүүмжлэлд эмзэг ханддаг тул зөв оролдлого бүрийг нь анзаарч, урам өгөх нь чухал юм.
Шинэ хичээлийн жил бол хүүхэд бүрийн хувьд шинэ боломж төдийгүй тодорхой хэмжээний айдас, сорилтыг дагуулдаг. Тиймээс хүүхдээсээ төгс байхыг шаардах бус, мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрч, дэргэд нь байгаагаа ойлгуулах нь шинэ орчинд амжилттай дасан зохицох хамгийн чухал дэмжлэг гэдгийг сэтгэлзүйч Д.Батчимэг хэллээ.









