
Өнгөрсөн бямба гарагт Исланд улс даяар тус улсын Европын холбоонд элсэх тухай яриа хэлэлцээг сэргээхийг дэмжих эсэх тухай бүх нийтийн санал асуулга явагдсан ба санал асуулгын дүнгээр иргэдийн 52.8 хувь нь эсрэг санал өгчээ.
Politico сайтад бичсэнээр исландчуудын Европын холбоонд элсэхээс татгалзах болсон гол шалтгаан нь загас агнуурын аж ахуйн салбар аж. Эсрэг санал өгсөн иргэдийн дийлэнх нь Исланд улс Европын холбоонд элссэнээр загас агнуурын аж ахуйн квотоо алдаж, Исландын эзэмшлийн усыг гадны компаниудын хөлөг онгоцнуудад нээлттэй болгох ёстой болно гэж үзжээ.
Рейкьявик 2009 оны долдугаар сард анх Европын холбоонд элсэх хүсэлт гаргаж байсан ба Европын холбоо Исландын хүсэлтийг 2010 онд хэлэлцэж эхэлсэн ч 2013 онд зогсоосон байна. 2015 онд Исландын засгийн газар Исланд улсыг Европын холбоонд элсэх нэр дэвшигч орнуудын тооноос хасахыг хүссэн бол 2024 оны Исландын парламентын сонгуулийн дараа засаг солигдсоноор Исландын Европын холбоонд элсэх асуудал дахин хөндөгдсөн аж.
Исландын Ерөнхий сайд Криструн Фростадоуттир Исланд улсад Европын холбоонд элсэхэд тавигдах нөхцөлүүдтэй танилцах боломжийг олгох ёстой хэмээн уг асуудлаар дахин бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ амлажээ.
Исландын RUV сайтын мэдээлснээр өнгөрсөн бямба гарагт болсон бүх нийтийн санал асуулгын ирц 82.5 хувь байсан нь 2009 оны парламентын сонгуулиас хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.









