
Өрөг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч У.Болортуяа Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын талаар дараах байр суурийг илэрхийллээ.
“Өнөөдөр болж буй хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд ирэх юм болов уу гэсэн боловч ирсэнгүй. Хууль зүйн яаманд хандаж хэлэхэд Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь эрүүгийн хуульд огт байж болохгүй иргэний маргаанаар шийдвэрлэнэ гэдэг дээр дахиж хэлэлцүүлэг зохион байгуулж өгнө үү.
Өнөөдөр би 18 ажилтантай редакцаа төлөөлж ирсэн. Монгол Улс 2016 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 60 дугаар байранд байж байгаад 2025 он гэхэд 115 дугаар байранд байгаа. 2017 онд Зөрчлийн хууль дараа нь эрүүгийн хуульд сэтгүүлчийг ялалдаг заалтыг оруулснаас хойш 50-60 байр ухарчихсан байна. Өнөөдөр сэтгүүлчийн талаар ярихаар Н.Өнөрцэцэг, У.Болортуяа гээд сүбектив байдлаар хандаад байгаа байхгүй юу.
Манай байгууллагад 2002, 2004 оны шинэ үеийн залуус сургуулиа төгсөөд ажиллаж байна. Бид шинэ залуу дараагийн үедээ аятайхан өв үлдээмээр байна шүү дээ. Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг шийтгэдэг салбарыг дараачийн хойч үедээ үлдээмээргүй байна.
Эрүүгийн хуулиар сэтгүүлчийг шийтгэж байгаа 160 гаруй улс байна гэсэн байна. Энэ дунд чинь ОХУ, БНХАУ, Хойд Солонгос гэсэн улсууд байна шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр эхний 10, 20, 30-д багтсан ардчилсан орнууд сэтгүүлчдээ Эрүүгийн хуулиар шийтгэдэггүй шүү дээ. Австрали Улс эрүүгийн хуульдаа тусгаж өгсөн ч практик дээр хэрэглэдэггүй юм.
Ардчилсан орнуудтайгаа харьцуулж үзмээр байна. Яагаад бид Хойд Солонгосчуудтай харьцуулагдаж Эрүүгийн хуульд сэтгүүлчийг ялалдаг заалтыг оруулах гээд чичрээд байгааг гайхаж байна” гэлээ.







