
“Хөрөг” нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа Улаанбаатар хотын зүрхэнд орших Сүхбаатар дүүргийг удирдах чухал хийгээд сорилттой албыг хашиж буй тус дүүргийн Засаг дарга Мөнхмагнайн Алтангэрэлийг онцолж байна.
Тэрбээр 2021 оноос Сүхбаатар дүүрэгтэйгээ хувь заяагаа холбон Засаг даргын орлогчоос эхлээд ажилласан бөгөөд 2024 онд дүүргийнхээ засаг даргаар сонгогдон ажиллаж байна.
Залуу хүний эрч хүч, дүүргээ, хамтран зүтгэгчдээ гарын 10 хуруу шигээ мэддэг, тэр хэрээрээ дүүргийн иргэддээ хэдийн танил болсон түүнтэй ажил хөдөлмөр, өнөө ба ирээдүйн талаар ярилцсанаа хүргэе.
Улаанбаатар хотын зүрхэнд орших Сүхбаатар дүүрэг бол Монгол Улсын төр, соёл, эдийн засгийн төвлөрөл болсон онцлогтой газар.
Төрийн ордон, яамд, соёлын байгууллагууд, бизнесийн төвүүд энэ дүүрэгт байрладаг. Нийслэлийн хамгийн төвийн дүүрэг төдийгүй хотын хөгжлийн өнгийг тодорхойлдог газар гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 142 мянга гаруй иргэн амьдарч байна. Дүүрэг нийт 20 хороотой бөгөөд Сүхбаатарын талбайгаас эхлээд Шарга морьт, Санзай, Бэлх, Сэлх зэрэг зуслангийн бүсийг хүртэл хамардаг.
Дүүргийн удирдлагын багийн хувьд 2021 оны гуравдугаар сард томилогдон ажилдаа орсон нь дэлхий даяар ковид-19 цар тахлын оргил үе байв. Ийм хүнд нөхцөлд ажлаа эхлүүлэх нь өөрөө том сорилт байсныг тэрбээр дурсдаг.
“20 минутын хот” – Сэлбэ бүсийн шинэ хөгжил
Нийслэл хотоос хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг болох “20 минутын хот” хөтөлбөрийн гол бүтээн байгуулалт Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороонд өрнөж байна.
Энэ төслийн хүрээнд 14 дүгээр хороонд орон сууцны томоохон хороолол баригдаж байгаа бол 13 дугаар хороонд нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжууд сүндэрлэж байна.
Сүүлийн жилүүдэд дараах томоохон бүтээн байгуулалтууд ашиглалтад оржээ.
- 200 ортой Сэлбэ нэгдсэн эмнэлэг
- 960 хүүхдийн хүчин чадалтай 159 дүгээр сургууль
- 248 дугаар цэцэрлэг болон өргөтгөл
Мөн 159 дүгээр сургуульд Кембриджийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь боловсролын чанарыг шинэ шатанд гаргах зорилготой.
Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд иргэд оршин суугаа газраасаа 10–20 минутын дотор алхаж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын үйлчилгээ авах боломжтой хотын шинэ орчин бүрдэх юм.
Эмнэлэг барьсан ч хүний нөөц хүрэлцээгүй л байна
Сэлбэ нэгдсэн эмнэлэг 2024 онд ашиглалтад орсон ч эмнэлгийн үйл ажиллагаа шат дараатайгаар нээгдэж байгаа. Учир нь эмнэлэг бол сургууль, цэцэрлэг шиг нэг дор бүрэн ажиллах боломжгүй салбар.


“Өнөөдөр бид 200 ортой эмнэлэг барьчихлаа. Харин маргааш өвчтөн хэвтээд мэс засалд орох гэхэд эмч байхгүй байж болох асуудал тулгардаг” хэмээн тэрбээр хэлж байсан юм.
Иймээс хүний нөөцийн асуудлыг шийдэхийн тулд Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, тодорхой эмч мэргэжилтнүүдийг Сэлбэ эмнэлэгт ажиллуулах нөхцөл бүрдүүлжээ.


Мөн 2025 онд Хавдар судлалын үндэсний төвд засвар хийгдэж байх үед хөнгөвчлөх эмчилгээний зарим үйлчилгээг Сэлбэ эмнэлэгт үзүүлж байсан нь эмнэлгийг “бойжуулах” нэг алхам болсон байна.
Нийслэлийн төсвийн гол бүрдүүлэгч
Сүхбаатар дүүрэг нийслэлийн төсөвт оруулдаг орлогын хэмжээгээрээ онцгой байр суурь эзэлдэг.
Бусад дүүрэгтэй харьцуулахад нийт орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аж.
– 2025 онд тус дүүрэг 479 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн бол
– 2026 онд 612.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Гэхдээ үүний зэрэгцээ дүүргийнхээ хэмжээнд жил бүр 120 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжүүлж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж байна.
Сүхбаатар дүүргийн удирдлагын багийн хувьд иргэдийн өргөдөл гомдолд онцгой анхаарал хандуулдаг.
Өргөдөл, санал хүсэлтүүдийг:
– 11-11 төв
– бичгээр
– цахим орчин
– хороодын сошиал группүүд зэрэг олон сувгаар хүлээн авч, аль болох богино хугацаанд шийдвэрлэхийг зорьдог.
Долоо хоног бүр иргэдтэй биечлэн уулзах цаг гаргахыг хичээдэг бөгөөд боломжтой үедээ иргэдийг буцаахгүй уулздаг гэдгийг тэрбээр онцолсон.
Намчирхлаас илүү хамтын ажиллагааг чухалчилна


Сүхбаатар дүүрэгт бүтээн байгуулалт өрнөж байна
– Төрийн албан хаагчдын орон сууц –
2024-2028 оны хугацаанд ажиллах ИТХ-ын төлөөлөгчид 2026 онд төрийн албан хаагчдын орон сууцны төслийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ төсөлд:
– багш
– эмч
– цагдаа
– онцгой байдлын алба хаагчид
– төрийн байгууллагын ажилтнууд хамрагдаж, тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох боломж бүрдэх юм.
– Хандгайтын аманд ахмадын амралтаа шинэчлэн засварлана –
Хандгайтын аманд байрлах Сүхбаатар дүүргийн “Бага хандгайт” амралтын газрын барилгыг шинэчлэн засварлах ажил 2010 орчим оноос эхэлсэн ч олон жил гацсан байв.
Энэ асуудлыг 2025 онд шийдвэрлэж, 2026 оны улсын төсөвт 1.3 тэрбум төгрөгийн засварын санхүүжилт суулгажээ.
Барилга ашиглалтад орсны дараа ахмадуудад зориулсан амралт, сувиллын төв болгон ажиллуулахаар төлөвлөж байна.
– Олон улсын стандартын спорт цогцолбор –
13 дугаар хороонд баригдаж буй спорт цогцолбор 2026 оны намар ашиглалтад орох төлөвтэй.


Тус цогцолбор:
– олон улсын стандартын спортын заал
– хөлбөмбөгийн талбай
– олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой орчин бүхий иж бүрэн байгууламж байх юм.
– Хүүхэд хөгжлийн төв – ирээдүйн хөрөнгө оруулалт –
Судалгаагаар өнөөдөр хүүхдүүдийн өдөр тутмын маршрут ихэвчлэн “сургууль – гэр” гэсэн хоёрхон чиглэлд хязгаарлагддаг.


Үүнийг өөрчлөх зорилгоор 13 дугаар хороонд Хүүхэд хөгжлийн төв барихаар төлөвлөжээ.
Тус төвд:
– урлагийн дугуйлан
– спортын секц
– хиймэл оюун ухаан, IT сургалт
– усан бассейн
– хөдөлгөөн заслын анги ажиллахаар төлөвлөөд байна.
Мөн төвийн урд талд нэг га газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр хүүхдүүд секц, дугуйланд хамрагдаж байх хугацаанд эцэг эхчүүд бага насны хүүхдээ салхилуулах, амрах орчин бүрдэх юм.
Ногоон эрчим хүч – дараагийн зорилт
Цаашид Сүхбаатар дүүрэг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулах зорилт тавьжээ.
Тэрбээр нэг нэгээр нь жижиг төслүүд хэрэгжүүлэхээс илүү нэг байршлыг бүхэлд нь ногоон эрчим хүчээр хангах концепц хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн.
Ингэснээр утааны ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй хотын орчныг бүрдүүлэх боломж бүрдэх юм.
Албан ажлынхаа хажуугаар тэрбээр гэр бүлийнхээ ирээдүйд ч анхаарал хандуулдаг.
2026 онд хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаарч, дээд сургуульд бэлтгэх зорилгоор төрөл бүрийн сургалт, шалгалтад хамруулах төлөвлөгөө гаргажээ.
Хотын төвийн хөгжлийг тодорхойлох жилүүд
2026 оныг Сүхбаатар дүүрэг “Хүүхэд хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдийн боловсрол, чөлөөт цаг, хөгжлийн орчныг сайжруулах олон ажил хэрэгжих юм.


Төвийн дүүргийг хөгжүүлэх нь зөвхөн нэг дүүргийн асуудал биш. Энэ бол Улаанбаатар хотын ирээдүйн өнгийг тодорхойлох үйл явц юм.
Иймээс Сүхбаатар дүүрэгт эхэлсэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлууд хотын хөгжлийн дараагийн шатны эхлэл болж байна.







Энэ том дүүргийг чадвартай боловсролтой Залуу зөв зохион байгуулалттай Хэтийн болон ойрын төлөвлөлттэй гээр удирдан ажиллаж буйд талархаж байна Ажилд нь улам их амжилт хүсэе
Энэ том дүүргийг чадвартай боловсролтой Залуу зөв зохион байгуулалттай Хэтийн болон ойрын төлөвлөлттэй гээр удирдан ажиллаж буйд талархаж байна Ажилд нь улам их амжилт хүсэе
хүний хийснийг харах нүдтэй байгаарай
энэ нөхөр МАН-ын орологчтой, 7 хорооны дарга нартаа МАН-д өгсөн. хорооны засаг дарга, төлөөлөгч найз нь залилан хийгээд солонгос руу зугтсан. өөр гавьяхх байна уу.