
“Хязгаарын зүг”, “Оддын зүг” зэрэг уран бүтээлээрээ та бидний эчнээ танил болоод буй залуу уран бүтээлч Ч.Марал-одыг Өрөг.мн энэ удаа онцолж байна. Тэрбээр Ховд аймагт төрж, өссөн. Айлын бага охин. Хоёр ах, хоёр эгчтэй. Түүнийг урлагт замчилсан их багш ээж нь гэнэ.
Тэрбээр энэ талаараа “Ээж маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуульд дуу хөгжмийн багшаар ажилладаг байсан. Тэр ч утгаараа би хөгжимтэй их ойр өссөн. “Миний охин дуучин болох юм чинь багаасаа хөгжмийн мэдлэгтэй бол” гэсэн ээжийнхээ зөвлөгөөг дагаж, Монгол улсын Консерваторийн ёочин хөгжмийн ангид орсон. 10 жилээ ийн амжилттай төгслөө. Аав, ээж маань “СУИС-ийн дуулаачийн ангид ор” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Очоод шалгууллаа, тэнцлээ. Гэхдээ тэр үед дуунаас илүү хөгжимд илүү дурласан байсан учир 9 сарын 1-нд очоод ангиа солиулчихсан. Тэгээд хоёрдугаар курстээ ордог жилээ ёочин хөгжмийн ангид сурч буй гэдгээ ээж, аавдаа хэлсэн. Хожим дууны уран бүтээл рүү орсон нь аавтай минь холбоотой.

Цагаан сараар ах, дүү, садан төрлүүдтэйгээ тойроод сууж байхад аав “Миний охин дуучин болчих сон бол… Охиныгоо шинийн нэгэнд зурагтаар хараад байж байсан бол…” гэж ярьсан нь нэгэн бодомжид намайг өнжөөсөн юм. Хожим аавыгаа бурхан зүг одсоны дараа “Би яг юу хийх ёстой билээ. Аав минь юу хүсэж байлаа” гэж эргэцгэлцсэний эцэст зориг гаргаад дуулахаар шийдсэн. Өөрийгөө чамлахгүй оролдоод үзье гэсэн бодол маань намайг найранд гурван дуутай болгожээ.
Хамгийн анхны маань дуу “Хонин тоодог”. Энэ дуундаа их хайртай.
“Оддын зүг”, “Хязгаарын зүг” дуунууддаа ёочин хөгжмөө шигтгэж өгсөн. Би өөрөө ардын хөгжимчин хүн. Ёочин хөгжим ямар гайхалтай алгуутай вэ гэдгийг харуулахыг зорьсон” гэлээ.
Замын унаа эсвээс сумын төвийг гулд туулж яваа машин тэрэгний дотор дүүгийнх нь дуу эгшиглэжээ байхыг сонссон ах нар нь “Энэ манай дүү” гэж онгирмоор аядавч зарим нь итгэхгүй байдаг тухай тэр инээд алдан ярьсан юм. Гудамжинд таарсан хүмүүс уран бүтээлийнх нь нэрээр авгайлан дуудаж, таньж буйд баярлаж, улам их хичээнэ гэдгээ ч тэр учирлав. Сар шинийн баяраас урьтаж, дөрөв дэх уран бүтээлээ өлгийдөн авах гэж буй баярт мэдээгээ тэр үнэнч сонсогчдодоо дайлаа. “Язгуур дуулал” нэртэй уран бүтээлээ цацах гээд догдлон буй нь илхэн. Биднийг БЗД-ын Соёлын ордонд хүлээн авч ярилцсан нь энэ. 2022 оноос хойш энд гоцлол хөгжимчин, багшаар ажиллаж буй гэнэ. Түүнээс өмнө Нийслэлийн Улаанбаатар чуулгад ёочин хөгжимчнөөр 10 жил ажиллажээ.
Уран бүтээлч бүхэнд “Энэ хүнтэй хамтарчихсан юм сан” гэх шунал бий. Ч.Марал-Одын хамтрах сан гэх шунал нь “The Hu” хамтлаг. Ёочин хөгжмөө тэдний ард донжтойхон тоглоод зогсох бодол тээж явдгаа нуусангүй. “Санаж, хичээж явахад бүтнэ дээ” хэмээн инээмсэглэх.
Бид түүнээс ярилцлагын төгсгөлд хувийн амьдралынх нь талаар асуусан юм.
Тэрбээр “Би чинь 2014 онд ээж болж байлаа. Миний охин бол ёстой нарыг атгаж ирсэн юм гэдэг шиг л надад хайр энэрэл бүгдийг авч ирсэн. Хүүхдээсээ маш их зүйл суралцдаг. Намайг хайранд сургаж буй хүн дээ. Охин маань их нүүрэмгий.
Ээж маань “Миний охин дуугаа дуул. Студи дээрээ оч. Охиныг нь ээж нь авчихъя. Охиныг нь ээж нь хүргээд өгье. Халуун хоол хийгээд ээж нь хүлээж байя. Уран бүтээлдээ л цагаа зарцуул” гэдэг. Ийм бат артай хүн чинь зоригтой, шуурхай уран бүтээлүүдээ хийнэ ээ.
Ер нь бол хайр сэтгэлд нэг их яарахгүй байгаа. Гэхдээ ээж бас яаруулна аа. Удахгүй сайхан ханьтай учрах байх. Бурхан өгвөл тэгээд хүлээж авна даа” гэсэн юм.






