
Ярилцах сан гэх шуналыг нь хөдөлгөдөг зочин сэтгүүлч бүрт л бий болов уу. Тийн бодож явдаг хүнийхээ өөдөөс хараад сууж байна. Энэ бол Э.Очирваань. Та бүхний танил нэр нь 113. Хүмүүс түүнийг харагддаг шигээ хүн гэж боддог бололтой. Ярилцаад дууссаны араас “Ямар хүн байна” гэх асуулттай их тулав. Хэвлэлд тэр бүр ам нээдэггүй хүн өмнө минь сууж байна гэхээс зүрх түг, түг…
“Баавгайтай чихэр”-т ямар, ямар асуулт байв. Тэр “Баавгайтай чихэр” нэвтрүүлгийн маань дараагийн зочинд ямар асуулт бичиж үлдээсэн бол…
-Номоо гаргах бодол бий юу?
-Бодол л байдаг. Ном бичнэ гэдэг чинь цаг хугацааны ажил юм байна билээ. Гэхдээ одоо бол биш.
Би дөрөвдүгээр ангиасаа хойш “Уран жиргээ”, “Хүрэлтулга”-д ордог байсан. Р.Чойномын шүлгүүдээр л шүлэгтэй танилцуулсан. Манай аав Р.Чойномын фен нь. Б.Лхагвасүрэн гуай, Р.Чойном, Т.Галсан гээд бүгдийг нь шүтэн биширч, хүндэлж явдаг даа.
Шүлэг бичихээр тайвширдаг. Зүгээр л юуны талаар бичмээр байгаагаа ойлгочихсон үедээ, нэг юмны талаар хэлмээр байгаа үедээ л бичдэг. Гэхдээ хэлмээр байгаа ч гэсэн дотроо булшлах үе ч бий.
-Таны хамгийн ойрын итгэдэг хүн хэн бэ?
-Би өөртөө л итгэдэг. Надад нэг ч удаа худлаа хэлж байгаагүй.
Би ер нь хүнд итгэхээ больчихсон юм. Нэг охиноос болсон гэх үү дээ. Миний анхны хайр. Би “Маамуу” гэж дууддаг байсан юм. Нэгнээ жинхэнээр хайрлаж үзсэн. Хүнээс ямар нэгэн юм нэхэхгүйгээр би өөрөө хайрлая гэж анх удаагаа их хичээсэн. Тэгсэн яасан гээч. Гурван жил харилцаатай байсан охин маань өглөөний 06.00 цагт залгаад “Хоёулаа салъя”, “Би чамд хайргүй”, “Би чамайг араар чинь тавьчихлаа” гэж хэлээгүй. “Би хуримаа хийлээ” гэж хэлсэн. Тийм юм байж болдог л юм билээ.Гэхдээ одоо эхнэртээ итгэж байгаа. Илүү том хайртай, итгэл даах хүнтэйгээ учирсан.
-Танай гэр бүлийн хүн урлагийн салбарынх уу?
-Үгүй, үгүй. Надаас шал өөр хүн.
-Таны сонсогч байсан уу?
-Үгүй ээ. Намайг ерөөсөө сонсдоггүй, надад бараг дургүй байсан байх. Хувь заяа биднийг танилцуулсан даа.
-Энэ хүн л яг “миний хүн” байна гэдгийг мэдэрдэг юм уу. Энэ олон дундаас хүн хайраа яаж таньдаг юм бол?
-Хүнийг танина гэж байхгүй шүү дээ. Хүнийг насаараа хамт амьдраад ч танихгүй байж магадгүй. Зүгээр л, “Энэ хүнийг хайрлаж чадах уу” гэдгээ чи өөрөө мэдэрнэ биз дээ. Тэр хүндээ эхлээд өөрөө итгэж байж л чамд итгэдэг байх л даа. Яг л бусдыг хүндэлж байж чи хүндлэл хүртдэг шиг. Эхнэртэйгээ учраад “Би энэ охиныг хайрлана. Би энэ охинд итгэнэ. Би энэ охиныг хуурахгүй. Би энэ охинд худлаа хэлэхгүй” гэж л бодсон доо.
-Яагаад холбогдох боломжгүй гэж. Тантай холбогдох гэж их олон сар инстаграм руу нь л бичлээ…
-Би зүгээр л хүмүүстэй биш өөртэйгөө байх дуртай л хүн байхгүй юу даа.
-Таны утасны дугаарыг жишээ нь хэдэн хүн мэдэх үү?
-20 хүн л мэдэх байх. Хүн бүхний найз бол хэний ч найз биш ээ гэж үг бий.. Би хүн бүхэнтэй холбоотой байхыг хүсдэггүй. Холбоотой хүмүүстэйгээ л байнга холбоотой байхыг хүсдэг.
-Сонгууль өгдөг үү. Мөнгөний ажил, санал ирж байв уу?
-Сонгууль өгдөг. Мөнгөний ажил, санал ирдэг. Гэхдээ тэгээд хийдэггүй.
-Ямар итгэл үнэмшил таныг тэр их мөнгөнөөс татгалзахад хүргэдэг вэ?
-Зүгээр л хүмүүс үзэл бодлоо битгий худалдаж байгаасай л гэж. Ядаж үлгэр жишээ нэг реппер байхыг хүсдэг. Тийм реппер зөндөө байгаа. Тэдний тоог нэгээр нэмэхийг л хүсдэг. Мөнгөний ажил орж ирээд тэрийг хийж байгаа хүмүүсийг ч нэг их буруутгаад байдаггүй. Зүгээр л эгдүүцээд байдаг юм.
-Миний хийж байгаа ажил намайг арай ч өлсгөөд алчихгүй байлгүй дээ гэж боддог гэж үү?
-Үгүй, намайг өлсгөж байсан. Яагаад гэвэл миний хийж байгаа юм ажил биш миний амьдрал байхгүй юу. Намайг өлсөж байхад надад саналууд ирж байсан. Би өлсөж байсан ч хийж байгаагүй. Ямар өлсөж үзээгүй биш өлсөж үзсэн юм чинь. Харин үзэл бодлоо худалдаж үзээгүй юм чинь.


-Би ажлыг хар, цагаан гэж ялгадаггүй ээ. Зөөгч, тогооч гээд бүх ажлыг л хийж үзсэн. Бүгдийг нь хийж үзсэн гэж бас ярьж болохгүй юм байна. Надад олдсон ажлуудыг би бүгдийг нь голохгүй хийсэн. Гадагшаа явж ажил хийе гэж бодож байгаагүй ээ. Ер нь бол жорлон цэвэрлээд олсон ч бай, олсон мөнгөнөөс чинь баас үнэртэхгүй. Хүн болгоныг хийж байгаа ажлаа сэтгэлээсээ л хийдэг байгаасай л гэж боддог.
-Таны уран бүтээл таны толь уу?
–Миний уран бүтээл бол би. Миний нэг “Анхны хайрын дуу” гээд сүнсний тухай дуу байдаг. Би энэ дууг хоёр сар сүнстэй байшинд амьдарч байхдаа бичсэн. юм. Хамгийн хайртай дуу гэж байхгүй. Энэ чинь хоёр хүүхдийнхээ алийг сонгох вэ гэж байгаатай адил. Би бүх уран бүтээлдээ хайртай. Бүгдэд нь л үнэнээ хэлж байсан. Сэтгэлээсээ хийж байсан.
-Гинжинтэй хамтарч хийсэн дуу…?
-Би багадаа гудамжинд дуулдаг байсан юм. Тэгээд тэрийгээ л дуулсан.
-Хамгаалалттай бэлгийн харьцаанд орохыг уриалж, үгийг нь ингэж өөрчилж дуулсан гэж ярьж байгаа хүмүүс бишгүй л. Үнэхээр ийм мессеж өгөхийг хичээсэн үү?
-Тийм мессежийг хүмүүс авч байвал надад гоё л байна. Би өөрийгөө нэг их өмөөрөөд байдаг хүн биш л дээ. Тэр хүмүүсийн, миний ч гэсэн өв гэдгийг би мэдэж байгаа. Гэхдээ би нусан багаасаа тэрийг дуулж байсан. Тэгээд л дуулсан. Энийгээ нуугаагүй. Энэнээсээ ичихгүй. Би энийг дуулахаа болихгүй. Зүгээр бид нар чинь ардчилсан оронд амьдарч байгаа шүү дээ.
-Миний уран бүтээл таны хүүхдийн хүмүүжилд зориулагдаагүй гэсэн байсан…
-Бүх уран бүтээлчдийн өмнөөс хэлж байгаа үг. Артистуудыг хүүхэд асрагч гэж бодоод байна л даа. Яагаад өөрсдөө хүүхдэдээ анхаарал тавихгүй байгаа юм бэ. Миний дуу бүдүүлэг санагдаж байж болно. Миний дууг сонсож байж болно. Энэ дууны юу нь гоё байгаа юм бэ, энэ гоё биш байна уу? гээд яагаад ярилцахгүй байгаа юм. Миний хүүхэд ийм дуу сонсож байна. Тэгэхээр дуулсан хүн нь буруутай гэх нь шударга юм уу.
-Зохиолын дуу сонсдог уу?
-Зохиолын дуу сонсдог. Гэхдээ бүх зохиолын дууг, байнга сонсдоггүй л дээ. “Бэлхийн голын дуу” гэх мэт гоё дуунууд бий, бий.
-Ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Би нэг их олон кинонд оръё гэж боддоггүй. Гол дүрд тоглох юм сан гэх бодол ч байдаггүй. Надаас хол дүр байвал орчихдог. Сүүлд “Rhyme” гээд кинонд баян айлын хүүхдийн дүр бүтээсэн. Их сонин байсан.
-Баян айлын хүүхэд болох сонин байсан гэж үү?
-Тийм. Мэдэхгүй шүү дээ, би баян айлын хүүхэд ямар байдаг вэ гэдгийг. Тэгээд дотроо хэдэн сар тээш авч байгаад л чадах ядахаараа жүжиглэсэн дээ. Бас моорогт орж үзсэн. Бүрлээчдийг бүтээдэг бүтээлгээр бүтээлгэж ч үзлээ. Сэжиглээд байх юм байгаагүй ээ. Угаасаа л хэзээ нэгэн цагт тийшээ очно гэдгээ би мэдэж байгаа. Эртхэн очоод дасаж л байя.
Харин амьдрал дээрээ дүр бүтээхийг хүсдэггүй өөрийнхөөрөө л байхыг хүсдэг. Хүмүүс намайг жүжиглээд байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Ухаантай царайллаа гээд л. Тэр хүмүүсийн бодол бол тэр хүмүүсийн л бодол. Би дүр бүтээхийг биш сайхан дурсамжуудтай түүх үлдээхийг хүсэж байна.
-Таныг дуугүй болгож байсан хамгийн том айдас?
-Ганцаардал. Анх удаа ганцаардлын мэдрэх. Би 2010 онд 32-ын тойрогт ТҮЦ ажиллуулж үзэж байсан юм. Хэзээ ч хүн тасардаггүй тэр газар бараг цаг нэг ч хүн яваагүй. Надаас нэг ширхэг тамхи авах гэж ч хүн орж ирээгүй. Тэгэхэд л нэг юм миний араас тэврээд, нөмрөөд авах шиг байх шиг болсон. Би тэр үед ганцаараа байхаас л их айсан.
-Та өөрийгөө олсон уу?
-Өөрийгөө олно гэдэг өөрийгөө ойлгох л байлгүй дээ. Би тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгосон гэж боддог. Гэхдээ сүүлд л ойлгож байна, тэнэг байснаа. Өөрийгөө алдсан уу гэдэг асуулт байсан бол би үгүй л гэж хариулна.
-Анх тайзан дээр гарч байсан мэдрэмжээ санадаг уу?
-2012 онд нэг оюутнуудын холбооны хичээлийн шинэ жилийн өдөрлөг байсан санагдаж байна. Бөхийн өргөө дүүрэн оюутан цуглачихсан, миний цалин авсан анхны тайз байсан.
Олон хүн миний тэр уран бүтээлээр өвчилж байгаа биш эдгэж байгаа болохоор тэр их хүмүүсийн хайр, итгэл, хүндлэлээс их ичиж явдаг даа. Дааж явахыг хүсдэг гэх юм уу. Даахгүй болбол ичмээр шүү дээ. Айж явдаг.
-Та юунаас хамгийн их урам авдаг вэ?
–Би нэг юмыг хийнэ гэж бодоод, түүнийхээ ард нь гараад их урам авдаг.Бас хүмүүс намайг хайрлаад байхаар урам авдаг. Хүмүүс намайг маш их хайрладаг. Надаас их хайрладаг гээд бод доо. Би яг үнэндээ өөртөө бараг хайргүй хүн. Гэхдээ одоо хайртай хүмүүсийнхээ төлөө өөрийгөө хайрлаж байгаа.
-Та ер нь өөрийгөө багадаа хэр их хайрлагдаж өссөн, хайр үзсэн хүн гэж боддог вэ?
-Би төрснөөсөө өнөөдрийг хүртэл хайран дунд л амьдарч байгаа. Миний уулзсан хүн болгон л намайг хайрласан.
-Бааранд дуулдаг уу?
-Бааранд очдог ч үгүй. Дуулдаггүй ээ. 113 бааранд цугласан согтуу хүмүүсийг зугаацуулдаг артист биш.
-Таны амьдралд хайр, харилцаа чухал уу эсвэл карьер чухал уу?
-Хайр харилцаа чухал. Би угаасаа өдийг хүртэл карьер хөөж байгаагүй. Би урдхаа л хийж, хажуудахаа л хайрладаг.






