
Аляскийн Анкориж хотод байрлах Элмендорф-Ричардсон цэргийн нэгдсэн баазад өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт болж өнгөрөв. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн хувьд хамгийн сүүлд 2019 онд уулзаж байсан ба энэ удаагийн уулзалт нь ОХУ Украин руу довтолсноос хойш анхных байв. Ерөнхийлөгч В. Путины хувьд энэ удаагийн айлчлал нь 2015 оноос хойш АНУ-д хийсэн анхны албан ёсны айлчлал болоод байна.
Төлөвлөгөө ёсоор хоёр орны төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийх байсан ч талууд гадаад харилцаа хариуцсан албан тушаалтнуудынхаа хамтаар уулзалтад оролцохоор болсноор Оросын талаас ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, В. Путины туслах Юрий Ушаков нар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф нар уулзалтад оролцжээ.
Д. Трамп, В. Путин нарын уулзалт таамаглаж байснаас хурдан дууссан ба уулзалт хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. Ганцаарчилсан уулзалтын дараа талууд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийх байсан нь цуцлагдаж, хоёр орны төрийн тэргүүнүүд хэвлэлийн бага хурлаа хийжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин түүнийг АНУ-д нөхөрсгөөр хүлээн авсан явдалд Д. Трампад талархсанаа илэрхийлж, нэн түрүүнд Украинд дайн эхлэх болсон үндсэн шалтгаануудыг үгүй хийх шаардлагатайг онцолж, 2022 онд Д. Трамп АНУ-ын төрийн тэргүүн байсан бол ОХУ-Украины эхлэхгүй байх байсан гэсэн бол Д. Трамп уулзалтын үр дүнд гэрээ хэлэлцээр хийгдээгүй ч ахиц дэвшил гарсныг онцлон, В. Путин дайныг дуусгах хүсэлтэй байгаад итгэлтэй байгаагаа дурджээ.
Америкийн төрийн тэргүүн В. Путинтай удахгүй уулзана гэж найдаж буйгаа илэрхийлсний хариуд В. Путин англиар “Дараагийн удаа Москвад” хэмээн мэдэгджээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүд хийсэн мэдэгдлийнхээ танхимыг орхин гарч, сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.
Хэвлэлийн бага хурлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Элмендорф-Ричардсон зэвсэгт хүчний нэгдсэн баазын нутаг дэвсгэр дээр байрлах зөвлөлтийн нисгэгчдийн шарилд цэцэг өргөжээ.
Эх сурвалж: CNN






