
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэхийн зэрэгцээ ОХУ 50 хоногийн дотор Украинтай энхийн гэрээ хийхгүй бол ОХУ-аас бараа бүтээгдэхүүн импортлогч орнуудад хориг арга хэмжээ тогтооно хэмээн заналхийлжээ.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа үеэр Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, НАТО-гоор дамжуулж Украинд олон тэрбум ам.долларын зэр зэвсэг нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ.
Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжид агаарын довтолгооноос хамгаалах Patriot пуужингийн систем багтаж байгаа ба М. Рюттегийн хэлснээр ХБНГУ, Финлянд, Дани, Швед, Норвеги, Их Британи, Нидерланд, Канад зэрэг улс орнууд Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.
АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намын хууль тогтоогчид ОХУ-аас газрын тос импортлогч орнуудад хориг арга хэмжээ тогтоох, 500 хүртэлх хувийн импортын гаалийн татвар оногдуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаа юм.
ОХУ Украин руу довтолсноос хойш барууны ихэнх орнууд Москватай эдийн засгийн харилцаагаа тасалсан ч ОХУ-ын газрын тосны экспортыг хязгаарлах ямар нэг арга хэмжээ аваагүй юм. Үүний ачаар Москва БНХАУ болон Энэтхэгт зэрэг улс орнуудад газрын тос экспортолж, олсон орлогоороо Украинд явуулж буй дайнаа санхүүжүүлж ирсэн юм.
Ерөнхийлөгч Д. Трамп сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “Бид хоёрдогч татвар тогтооно. 50 хоногт энхийн гэрээ хийгдэхгүй бол оросууд 100 хувийн татвар дээр унана.” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж:Reuters






