
Ардчилсан намаас нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй “Өөрчилье, бүтээе” аян өнөөдөр Сүхбаатар дүүрэгт үргэлжиллээ. Аяны хүрээнд намын төлөөлөл иргэдтэй уулзаж, амьдарч буй орчин болон дүүрэг, нийслэлдээ ямар өөрчлөлт хүсэж байгаа талаар санал бодлыг нь сонсов.
Уулзалтад оролцогчид Сүхбаатар дүүргийг Ардчилсан нам сүүлийн дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан дүүрэг хэмээн онцолж, өнгөрсөн 14 жилийн хугацаанд ногоон байгууламж, эмнэлэг болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр олон ажил хийснийг дурдлаа. Тухайлбал, газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийн үр дүнд гэр хорооллын яндангийн тоог бууруулж, агаарын бохирдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж мэдээлэв.
Мөн Улаанбаатар хотод замын түгжрэл, агаарын бохирдол, ядуурал зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгааг хэлж, цаашид хийх шаардлагатай ажил олон байгааг онцолсон юм.
Бусад дүүргийн иргэдтэй уулзах үеэр авлига, хээл хахууль, төрийн албан тушаалтнуудын үрэлгэн хэрэглээг хязгаарлахтай холбоотой санал хамгийн их гарсныг мэдээллээ. Үүний зэрэгцээ иргэд орон нутгийн асуудлыг өөрсдөө хэлэлцэн шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, иргэний танхимуудыг сэргээх, хөршийн холбоог хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Өөрчилье, бүтээе” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргээс иргэдийн саналыг цуглуулж, нэгтгэнэ. Улмаар эдгээр саналыг хэрхэн шийдвэрлэх талаар дараагийн шатны хэлэлцүүлгийг зохион байгуулах аж.










