
Тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардсан ахмадуудын тэмцэл жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Харин энэ удаад тэд шаардлагынхаа хэмжээг тодорхой зарлаж, төрийн өндөр албан тушаалтнуудтай ил тод хэлэлцээ хийхийг шаардаж эхэллээ.
Тэд ирэх аравдугаар сарын 1-ний Ахмадын баярын өдрөөр Чингис хааны хөшөөний өмнө УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүдийг ахмадуудтай нэг ширээний ард сууж, тэтгэврийн асуудлаар нээлттэй ярилцахыг шаардаж байна. Төрийн ордны баруун хаалганы гадна жагсаж буй ахмадуудын хувьд энэ нь зөвхөн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал биш юм гэлээ.
Олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, ахмад настны амьжиргааны баталгаа, цаашлаад амь настай холбоотой асуудал болж байна. Ахмадууд өмнө нь суурь тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байсан бол энэ удаад 3 сая 333 мянга 333 төгрөгийн тэтгэврийн асуудлыг төртэй хэлэлцэх санал дэвшүүлжээ. Тэдний үзэж буйгаар хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, байр сууц болон өдөр тутмын хэрэглээний зардал нэмэгдэж буй нөхцөлд өнөөгийн тэтгэврийн хэмжээ тэдний бодит хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байна гэсэн юм.

Тэтгэврийн нэмэгдлийг зөвхөн нэрлэсэн мөнгөн дүнгээр хэмжих нь хангалттай биш. Учир нь тэтгэвэр нэмэгдсэн ч үнийн өсөлт түүнээс давсан тохиолдолд ахмадын гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэхгүй. Ялангуяа ахмад настнуудын хувьд эмчилгээ, эм тариа, хүнс, орон сууц болон бусад зайлшгүй зардал орлогынх нь тодорхой хэсгийг эзэлдэг. Тиймээс тэтгэврийн бодлогын гол шалгуур нь “хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ” гэхээс илүүтэйгээр тухайн нэмэгдэл ахмадын амьдралын чанар, худалдан авах чадварт бодитоор хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал юм.
Ахмадуудын тавьж буй өөр нэг гол шаардлага нь тэтгэврийн зөрүүг арилгах явдал. Олон жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн хувьд төлсөн шимтгэл, ажилласан хугацаа нь өнөөгийн авч буй тэтгэвэртээ хэр зэрэг шударгаар тусч байгаа нь маргааны гол сэдэв болж байна. Өөрөөр хэлбэл, ижил хугацаанд ажилласан, ойролцоо хэмжээний шимтгэл төлсөн иргэдийн тэтгэвэр хоорондоо ихээхэн ялгаатай байх, олон жил шимтгэл төлсөн хүний хөдөлмөрийн үр шим тэтгэврийн хэмжээнд хангалттай тусахгүй байгаа талаар ярилаа.
Тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хэд хэдэн арга хэмжээг Засгийн газраас танилцуулж, хэрэгжүүлж буй. Үүний нэг нь ирэх 2027 онд тэтгэврийн хэмжээг дунджаар 1 сая 335 мянга 400 төгрөгт хүргэх, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн илүү өндөр тэтгэвэр авах зарчмыг хэрэгжүүлнэ. Харин энэ оны 11 сараас 100-300 мянган төгрөгийг тэтгэвэр авагчид нэмж олгохоор энэ оны төсвийн тодотголын төсөлд тусгасан бөгөөд ойрын өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чууллганаар хэлэлцэж байна.
Гэвч ахмадуудын шаардлага болон төрийн танилцуулж буй тоон үзүүлэлтүүдийн хооронд нэлээд том зөрүү байна. Ахмадууд 3 сая 333 мянга 333 төгрөгийн тэтгэвэр шаардсан бол төр ирэх онд дундаж тэтгэврийг 1 сая 335 мянга 400 төгрөгт хүргэхээр төлөвлөж байна. Энэ хоёр дүнгийн зөрүү нь тэтгэврийн бодлогын цаашдын чиглэл, төрийн санхүүгийн боломж болон ахмад настнуудын бодит хэрэгцээг хэрхэн уялдуулах вэ гэсэн асуудлууд үүсээд байна.


Тэтгэврийн бодлогыг зөвхөн нэг удаагийн нэмэгдлээр хязгаарлах бус, олон жил шимтгэл төлсөн иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг тэтгэврийн хэмжээнд хэрхэн шударгаар тусгах, суурь тэтгэврийг ямар зарчмаар тогтоох, тэтгэврийг инфляц болон амьжиргааны өртөгтэй хэрхэн уялдуулах зэрэг асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай байна.










