
Францын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Франц улс энэ онд сүүлийн 30 жилд байгаагүй бага хэмжээний дарс, өмнөх жилийнхээс хоёр дахин бага оргилуун дарс үйлдвэрлэхээ мэдэгджээ.
Дарсны үйлдвэрлэл буурсан нь Франц болон Европын хэд хэдэн орнуудад өмнөх жилүүдийнхээс халуун, хуурай зун болж өнгөрсөнтэй холбоотой бөгөөд иргэдийн дарсны хэрэглээ буурч, АНУ-ын импортын гаалийн импортын татвар нэмэгдсэн нь ч үүнд багагүй нөлөө үзүүлжээ.
Францын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр Франц улс энэ онд 4.5 тэрбум шил дарс үйлдвэрлэх нь өмнөх оныхоос 6 хувиар, 2021-2025 оны дунджаас 17 хувиар бага байх аж. Франц улс нь дэлхийд дарсны үйлдвэрлэлээрээ хоёрт, дарсны экспортоор олдог ашиг орлогоороо нэгт жагсдаг юм.
Дарсны хэрэглээ тасралтгүй буурснаас болж усан үзэм тариалагчид жил ирэх тусам усан үзмийн талбайнуудынхаа хэмжээг багасгаж байгаа нь дарсны үйлдвэрлэл буурахад тодорхой нөлөө үзүүлсээр байгаа аж. Энэ онд л гэхэд Францад усан үзэм тариалсан талбайн хэмжээ өмнөх оныхоос 2.5 хувиар багассан байна.
Өнгөрсөн сард Францын засгийн газар усан үзэм тариалагчдад 1 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн ч усан үзэм тариалагчид үүнийг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.










