
Реп үглэж буй бичлэгээрээ цахим орчинд олны хайрыг татсан Г.Гэгээ, Г.Гүег хоёрын ертөнц зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдахгүй. Тэд бокс, хурдан морь, загасчлал, сагсан бөмбөг, гар бөмбөг гээд олон зүйлд дуртай. Өөрсдийн сонирхол, өдөр тутмын хөгжилтэй мөчүүдээ бичлэг болгон хуваалцдаг ах, дүү хоёрын контентод үзэгчид голдуу эерэг сэтгэгдэл үлдээдэг байна.
-Бид хоёр олон төрлийн бичлэг хийдэг. Гэхдээ реп үглэж байгаа бичлэгээрээ илүү олон хүнд танигдсан гэж Г.Гэгээ ярилаа.
Тэд дууныхаа үгийг өөрсдөө бичихийг хичээж, ах нараасаа зөвлөгөө авдаг. Бичсэн үгсийг нь ах нар нь уншиж, илүү дутуу хэсгийг хасахын зэрэгцээ хөгжмийн битэд хэрхэн зөв тааруулахыг зөвлөдөг байна. Ийнхүү тэд өөрсдийн бодол, хүсэл мөрөөдөл, найз нөхөд, хичээл сургууль болон өдөр тутмын амьдралаас санаа авч дуугаа бүтээдэг аж.
Г.Гэгээ өөрийн бичсэн дууныхаа үгээ ийнхүү хуваалцав.
Өглөө босоод инээгээд гадагшаа,
Өнгө өнгийн мөрөөдөл сэтгэлд минь багтана.
Найзуудтайгаа нийлээд битэн дээр алхана,
Нар шиг гэрэлтээд өдөржин хөгжинө.
Хичээлээ хийнэ, дараа нь тоглоно,
Хүсэл мөрөөдлөө өдөр бүр бодно.
Сайн найз байж, бусдыгаа дэмжинэ.
Харин Г.Гүегийн хувьд дууны үг цээжлэх нь хамгийн хэцүү хэсэг гэнэ. Анх үгээ тогтоохдоо багагүй хугацаа зарцуулдаг ч нэгэнт цээжилчихвэл дуулахад төдийлөн хүндрэл гардаггүй гэж тэр ярив.
Реп хөгжимд дуртай хүүхдүүд цаашид өөрсдийн амьдрал, сонирхолтой холбоотой уран бүтээл хийхийг хүсдэг. Ялангуяа Г.Гэгээ ирээдүйд өөрийн хичээллэдэг бокс, рингэн дээрх мэдрэмж, тамирчны хөдөлмөрийн тухай дуу хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.
Г.Гэгээ дөрөв, таван настайгаасаа боксыг сонирхож эхэлжээ. Харин найман настайгаасаа тогтмол бэлтгэл хийж, багш нарынхаа удирдлагад олон тэмцээнд оролцон амжилт гаргасан байна. Түүний авсан медаль, цом бүрийн ард олон удаагийн бэлтгэл, ялалт, ялагдал, баяр, нулимс хосолсон дурсамж бий.
Харин Г.Гүег Баян-Өлгий аймагт болсон тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан үеэ хамгийн тод дурсамжуудынхаа нэг хэмээн ярив. Тухайн үед ах нь шилдэг тамирчнаар шалгарч, харин өөрөө хүрэл медаль авчээ. Бага байсан учраас ахынхаа шагналд хоргодож уйлахад нь аав нь шүүгчдээс хүсэж байж шагнал авч өгсөн хөгжилтэй дурсамж одоо ч тэдний гэр бүлд яригддаг байна.
Тэдний гэрт ах, дүү хоёрын тэмцээнээс хүртсэн олон медаль, цом хадгалагддаг. Гэхдээ дэлгэж тавьсан шагналууд нь нийт цом, медалийнх нь тал орчим аж. Тухайлбал, 2025 оны өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон ОХУ-д болсон тэмцээнээс хүртсэн шагналууд тэнд бий.
Боксоос гадна ах, дүү хоёр сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай. Мөн загасчилж, байгальд цагийг өнгөрүүлэх сонирхолтой бөгөөд хурдан морь унах нь тэдний амьдралын бас нэгэн өнгөлөг хэсэг болжээ.
Зуны амралтаараа “Айс топ” хамтлагийн Боогий /С.Чулуунбаяр/-нд очиж, морь унан, хурдан морь уралдуулж, хүүхдүүдтэй нь тоглодог байжээ. Өдөржин морьтой давхиж, үеийнхэнтэйгээ тоглон өнгөрүүлсэн тэр өдрүүд хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг болсон байна.
Мөн зөвхөн морь унах аргаас гадна даруу, биеэ тоохгүй, хөдөлмөрч байхыг өөрийн үлгэрлэлээр ойлгуулсан тухай ах дүүс ярив. Тэд С.Чулуунбаярыг даруухан, боловсролтой, хөдөлмөрч хүн хэмээн тодорхойлсон юм.
Ах, дүү хоёр морь болон нохойд онцгой хайртай. Нохойн үүлдрүүдээс доберман, ротвейлер, америк булли, тайга, монгол банхар зэрэг нохойг сонирхдог аж. Тэдний өдөр тутмын амьдрал ийнхүү бокс, хурдан морь, загасчлал, сагс, гар бөмбөг, дуу хөгжим гээд олон төрлийн сонирхлоор дүүрэн өнгөрдөг байна.
Тэдний хувьд хамгийн догдлом мөчүүдийн нэг нь аавтайгаа анх удаа нэг тайзан дээр гарсан үе байжээ. Анхны тайз учраас эхэндээ багагүй сандарсан ч тайз руу өгсөхөд бахархал, догдлол хосолсон сонин бөгөөд гоё мэдрэмж төрсөн гэнэ.
Дуугаа эхлүүлэх мөчид хэт их догдолсноос нэг хэсгээ алдсан ч бусдынхаа араас үргэлжлүүлэн дуулжээ. Харин багийнхантайгаа нийлж, хөгжимдөө орсны дараа сандрал нь тэр дороо арилж, улам зоригтой болсон байна.
Хүүхдүүдийн сонирхол, гаргасан амжилт бүрийн ард аав, ээжийнх нь дэмжлэг бий. Тэд бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаан, уран бүтээлийнх нь алинд ч хамт байж, хүүхдүүдээ дуртай зүйлээ хийхэд нь үргэлж дэмждэг аж. Ах, дүү хоёр ч өнөөг хүртэл хийж бүтээсэн бүхэн нь гэр бүлийнхнийх нь тусламж, урмын үгтэй салшгүй холбоотойг онцоллоо.
Ярилцлагынхаа төгсгөлд тэд аав, ээж, эмээ болон өөрсдийг нь үргэлж дэмждэг хүмүүст талархлаа илэрхийлэв. Мөн “Бэйби” хэмээн өхөөрдөн дууддаг бяцхан охин дүүдээ хайртайгаа уламжилсан юм.
Реп үглэж, рингэнд тулалдаж, хурдан морь унан, загасчилж, сагс болон гар бөмбөг тоглох дуртай ах, дүү хоёрт хийхийг хүссэн зүйл олон. Харин тэдний хамгийн том хүч нь аав, ээжийнх нь дэмжлэг, бие биеэ гэсэн ахан дүүсийн хайр бөгөөд өөрсдийн бяцхан ертөнцөөс бүтээсэн дуу, бичлэгүүдээрээ бусдад баяр баясал түгээсээр байна.
М.Солонго














