
Их Британийн Centre for Strategic Advantage буюу CSA байгууллагын тооцоолсноор ирэх 15 жилд дэлхийн нийт уран олборлолтын 1/3 нь шууд эсвэл шууд бус байдлаар ОХУ-ын хяналтад орох талаар Financial Times онцолжээ.
2024 оны байдлаар зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олборлосон уран дэлхийн нийт уран олборлолтын 5 орчим хувьтай тэнцэж байсан бол Казахстан, Танзани, Намиби зэрэг улсад уран олборлодог Оросын цөмийн эрчим хүчний “Росатом” корпорацын Uranium One компани саяхан Нигер улсад уран олборлох гэрээ хийжээ.
ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх мөн гаднын улс орнууд дахь ордуудыг тооцож үзэх юм бол 2024 оны байдлаар дэлхийн нийт уран олборлолтын хүчин чадлын 1/4 нь ОХУ-ын хяналтад байсан бол 2040 он гэхэд энэ тоо 36% болон өсөх төлөвтэй байгааг CSA онцолжээ.
Тус байгууллагын шинжээч Гарет Хейвуд, “2040 он гэхэд бид Оросын уранаас яг 2022 онд Оросын газрын тос болон байгалийн хийнээс хамааралтай байсан шигээ өндөр хамааралтай болж болзошгүй байна.” хэмээн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд ураны эрэлт буурсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээр ураны үнэ буурч, барууны орнууд уран олборлолтын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа багасгасан бол ойрын хугацаанд ураны эрэлт нэмэгдэх төлөвтэй байгааг CSA онцолсон байна.
ОХУ нь АНУ-ын атомын цахилгаан станцуудад уран нийлүүлдэг хамгийн том нийлүүлэгч улс байсан юм. 2024 оны 5-р сард Вашингтон ОХУ-ын уранд хориг тогтоосон ч уг хориг нь Uranium One компанийн гаднын ордуудад олборлосон ураны импортод үйлчлэхгүй болохыг заасан байгаа бол Европын холбоо Оросын ураны импортод одоогийн байдлаар хориг тогтоогоогүй хэвээр байна.










