
2026-2027 оны хичээлийн жил эхлээд долоо хонож байна. Гэвч оройтож зарласан тендерээс болж нэгдүгээр ангийн сурагчид сурах бичиггүй хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Учир нь Боловсролын ерөнхий газраас зургаадугаар сарын 11-ний өдөр нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийн тендерийг зарлаж, долоодугаар сарын 27-ны өдөр нээсэн боловч шаардлагад нийцэх компани шалгараагүй тул хүчингүй болгожээ.
Харин сурах бичгийн тендерийг наймдугаар сарын таванд дахин зарлаж ойрын хугацаанд нээж сурах бичгийг хэвлэх компанийг шалгаруулж аравдугаар сарын нэгэн гэхэд бүх сурах бичгийг сургуулиудад хуваарилна гэв.







Тендерийг зохион байгуулах комиссын зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн “тендерийн шаардлагад нийцээгүй тендерийн бичиг баримт ирүүлсэн” гэх шалтгаанаар тухайн тендерийг хүчингүй болгосон байдаг.
Цахим орчноор явж буй “сурах бичиг сургуулиудад бүрэн тараагдаагүй, хүрэлцээ муу байна” гэх мэдээллийн дагуу нэр бүхий Ерөнхий боловсролын сургуулиудад очин холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах гэсэн боловч хэвлэлд мэдээлэл өгөх албан тушаалтан олдсонгүй.
Ахлах болон дунд ангийн сурагчдаас сурах бичгийн хүртээмжийн талаар тодруулахад “Анги болгонд цөөхөн сурах бичиг ирж байгаа. Ирсэн номоо хүүхдүүд дунд сугалуулж хуваан авдаг” хэмээн ярьж байлаа.










