
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын хойд дүрийг тодруулах асуудал нь Хятад-Энэтхэг хоёр улсын харилцаанд сэв суулгаж буй “өргөс” болж байна хэмээн Дели дэх БНХАУ-ын элчин сайдын яамны зүгээс мэдэгджээ.
Энэ сарын 6-нд болсон 90 насны ойн баярынхаа өмнө XIV Далай лам түүний хойд дүрийг Буддын шашны олон зуун жилийн түүхтэй ёс уламжлалын дагуу тодруулна, уг үйл явцыг түүний үүсгэн байгуулсан ашгийн бус Gaden Phodrang Trust сан хариуцах тухай мэдэгдэж, тус сангаас өөр хэн ч түүний хойд дүрийг тодруулах үйл ажиллагаанд нөлөөлөх, оролцох эрхгүйг онцолсон билээ.
Нөгөө талаас Бээжин Далай ламын хойд дүр нь Хятадын эрх баригчдад хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой хэмээн удаа дараа анхааруулж байгаа билээ.
XIV Далай лам 1959 оноос хойш Энэтхэгт амьдарч байгаа ба олон улсын харилцааны мэргэжилтнүүд Буддын шашны тэргүүн Далай лам Энэтхэгт амьдарч байгаа нь Хятад, Энэтхэг хоёр улсын харилцааны хувьд Энэтхэгт давуу байдал олгодог болохыг онцолдог билээ. Түүнээс гадна Энэтхэгт 70 мянга орчим төвөдүүд аж төрөн амьдардаг юм.
Дели дэх БНХАУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Юү Жинь Энэтхэгийн стратегийн болон боловсролын салбарын зарим төлөөлөгчид Далай ламын хойд дүрийг тодруулах тухайд зохимжгүй үг хэлсэн талаар онцолжээ.
Далай ламын ойн баярын үеэр Далай дамын дэргэд сууж байсан Энэтхэгийн парламентын гишүүн, цөөнхийн асуудлыг хариуцсан сайд Кирен Рижижү буддын шашин шүтдэг хүний хувьд Далай ламын хойд дүрийг зөвхөн Далай лам болон түүнийг дагагчид тодруулах ёстой гэж итгэдэг талаараа дурдсан аж.
Хятадын элчин сайдын яамны төлөөлөгч Юү Жинь, “Гадаад харилцааны салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн хувьд тэд Төвөдтэй холбоотой асуудал дээр мэдрэмжтэй хандах ёстойгоо мэдэх ёстой. Далай ламын хойд дүрийн тодруулж, залах явдал нь Хятадын дотоод асуудал. Төвөдтэй холбоотой асуудал Хятад-Энэтхэг хоёр улсын харилцаанд “өргөс” болж, Энэтхэгийн хувьд дарамт болоод байгаа билээ. Төвөдийн асуудлыг хөндөх нь өөрсдөд нь л халтай.” хэмээн мэдэгджээ.
Энэ сарын 4-нд Энэтхэгийн Гадаад харилцааны яам шашин шүтлэг, шашин шүтлэгтэй холбоотой зан үйлийн асуудал дээр Дели ямар ч байр суурь илэрхийлэхгүй хэмээн мэдэгдсэн юм.
Энэтхэгийн Гадаад харилцааны сайд С. Жаишанкар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүний хувиар энэ сарын 15-нд БНХАУ-ын эрх баригчидтай Тяньжин хотод уулзах аж. Энэ нь 2000 онд хоёр улсын хил дээр зэвсэгт мөргөлдөөн үүсэж, Энэтхэгийн 20, Хятадын 4 цэрэг амиа алдсан явдлаас хойш Энэтхэгийн төрийн дээд албан тушаалтан Хятадад айлчилж буй анхны тохиолдол юм.
Эх сурвалж: Reuters






