
Өнгөрсөн сард Энэтхэгийн Ахмадабад хотод осолдсон Air India компанийн зорчигч тээврийн онгоцны хөдөлгүүрүүдийн түлшний хангамж онгоц хөөрсөн даруйд зогссон нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Лондон хотыг чиглэн хөөрсөн Boeing 787-8 Dreamliner онгоц Ахмадабад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо осолдож, онгоцонд байсан 241 хүн, ослын газарт байж таарсан 19 хүн амь үрэгдсэн юм.
Олон улсын агаарын тээврийн журмын дагуу агаарын тээврийн осол гарснаас хойш ослыг шалгаж буй байгууллага 30 хоногийн дотор ослын урьдчилсан тайланг танилцуулах ёстой байдаг аж.
Энэтхэгийн Агаарын тээврийн ослыг шалгах хорооноос гаргасан тайланд бичсэнээр онгоцны хөдөлгүүрүүдийг түлшээр хангах товчлуур онгоц хөөрсний дараа “унтраах” гэсэн тохируулга дээр болсон байсан нь тогтоогджээ.
Онгоцны хурд 180 зангилаа хүрсний дараа хөдөлгүүр 1 ба хөдөлгүүр 2-ын түлшний хангамж “асаах” тохиргоо хоорондоо 1 секундийн зайтайгаар “унтраах” тохиргоо руу шилжсэн ба түлшгүй болсноос болж хоёр хөдөлгүүрийн ажиллагаа зогсжээ.
Онгоцны хар хайрцагт онгоцны нэг нисгэгч нөгөө нисгэгчээсээ яагаад тохиргоог унтраасныг асуухад нөгөөх нь тэгээгүй гэдгээ хэлж байгаа нь бичигджээ.
Хөдөлгүүрийн түлш хангамжийн унтраах тохиргоог онгоц нисэх онгоцны буудлын зогсоол дээр байрласны дараа эсвэл хөдөлгүүрт гал гарсан тохиолдолд тохируулдаг ба Air India компанийн онгоцонд хөдөлгүүрийн түлш хангамжийг зогсоох нөхцөл байдал үүссэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: The Guardian






