
Анх Дурласан охинтойгоо ойр байхын тулд “Айрагтай такси”-г эхлүүлж байсан Ж.Энхбаттай уулзаад байна. Айрагтай таксины жолооч тэрбээр машинаа мопедоор “сольжээ”. Улаанбаатарын түгжрэл дунд захиалгаа түргэн, шуурхай хүргэхийн тулд мопедтой болсон гэнэ. Хэрэглэгчдийн гарт шинэхэн айраг хүргэхээр Булганаас Улаанбаатар, Улаанбаатараас Булган руу өдөр, шөнөгүй давхих тэрбээр хол замд зохиолын дуу хань болдог тухайгаа ярьж байлаа.
- Утас: 99287312
- Цахим хаяг: Ж. Энхбат
-Булган аймгаас хэзээ ирэв. Хэдэн литр айрагтай ирсэн бэ?
-Булганаас уржигдар шөнө зургаа дахь ээлжийнхээ айргийг аваад ирлээ. 500 литр айрагтай ирсэн. Нэг литр нь 11,000 төгрөг. Өнөөдөр сайн өдөр, найр ихтэй. 200 литр нь найр хийх айлуудын захиалга.
-Айргаа авч ирээд 1-2 хоноод буцаж байна уу гэж харсан. Ер нь өдөрт хэдэн цаг унтаж байна вэ?
-Яг үнэнийг хэлэхэд сүүлийн 15 хоног бүтэн нойртой хоноогүй. Ихэвчлэн шөнийн цагаар хол замд, айрагтаа явна Сүүлийн долоо хоногт гэхэд 3000 гаруй километр хол замд явсан байна. Бусад цагт нь мопед дээрээ хүргэлтээ хийгээд л…Бас хөдөө орон нутгаас хүмүүс их захиалга өгч байна. Орон нутгийнх нь унаанд тавиад явуулчхаж байгаа юм чинь.
-Хэдэн малчин айлаас айргаа авдаг вэ?
-Гурван малчин айлаас авдаг. Надаас айраг авч буй хүмүүс нэг их илүү дутуу юманд санаа зовоод байх шаардлагагүй. Айраг зарж байх хугацаандаа би айрагтаа нэг ч юм хольж үзээгүй. Хоёр айлын айргийг хооронд нь хольдоггүй.
-Хөдөлмөрлөхийн сайхан өөрт тань яаж мэдрэгдэж байна?
-2018 оноос хойш авто угаалгын газар ажиллуулж ч үзлээ. Зун, намартаа айраг борлуулна гээд долоон жил хувиараа юм хийжээ. Дунд нь алдана. Хүнээс 5000 төгрөг гуйх үе гарна. Ажлаа хийгээд өдөртөө сая төгрөг олох ч үе гарна. Өнгөрсөн хугацаанд гэрийнхэн маань Солонгос яв гэж хоёр ч удаа ятгаж үзсэн. Би үгүй гэсэн. Цагаан сар бүрээр л хостой болсон уу гэж асуудаг ах, дүү нар гээд бараг амтай болгон л өнгөрсөн цагаан сараар “гадагшаа яв” гэцгээсэн. Тэдэнд “Энэ жилдээ би Монголдоо байя. Өөрийн гэсэн юмаа босгож чадахгүй бол явъя” гэсэн л дээ.
Зургадугаар сарын 15-наас хойш Булганыхаа айргийг Улаанбаатарт авчирч борлуулаад, хагас сарын хугацаанд хүмүүст ч чамгүй танигдаж байна. Ер нь тэгээд завгүй байх гоё шүү дээ. Хол замд яваад, машиндаа ганц нэг өдөр хонох гээд сонирхолтой амьдарч байгаа байхгүй юу. Тэгээд айргаа хүргээд явж байхдаа олон хүнтэй танилцаж байгаа юм чинь. Энэ ажил маань надад ч хэрэгтэй. Малчдадаа ч хэрэгтэй. Цаашлаад Булган аймгийн цагаан идээг борлуулах ажил руу орно.
-Хааяадаа айргаараа хооллочихно биз?
-Намайг айраг зардаг болохоор айраг их уудаг гэж боддог юм шиг байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд айргаа малчин айлынхаа гадаа савлахдаа л жаахан уудаг. Хол үамд машин барина, хүргэлтээ мопедоор хийнэ гээд шөнө л гэртээ орж байгаа юм чинь. Тэгээд толгой тавиад л нам. Өчигдөр орой бол машиндаа унтсан. Гэртээ ирээд амрах гэтэл хаа сайгүй зам хаачихсан, түгжрэл ихтэй байсныг хэлэх үү. Нойр хүрээд байхаар нь нэг хүргэлт хийчхээд байрны гадаа хэсэг унтсан чинь өглөө 06.00 цаг гээд сэрдэг юм.
-Ярилцсанд баярлалаа.