
Далайн усны түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор усанд живэх эрсдэлд ороод буй Тувалу улсын хүн амын 30 гаруй хувь нь Австралид цагаачлах хүсэлтээ өгчээ.
Америкийн Хавай муж болон Австрали тив хооронд байрлах Тувалу нь 10 мянга орчим хүн амтай, олон жижиг арлуудаас бүрдсэн улс юм.
Энэ сарын 16-наас Австралийн Тувалу улстай хийсэн хамтын гэрээний дагуу Канберра уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цагаачлах шаардлага гарсан хүмүүсийн хүсэлтүүдийг хүлээн авах нэг сарын аяныг зарлажээ. Уг аяны хүрээнд Канберра хүсэлт илгээсэн иргэдээс 280-ыг нь санамсаргүй түүврийн аргаар сонгож, Австралид байнгын орших сууж, ажиллаж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, суралцах эрхийг олгох аж.
Өнөөдрийн байдлаар Тувалу улсын 4000 гаруй иргэн Австралид цагаачлах хүсэлтээ илгээжээ.
Тувалу улсын Ерөнхий сайд Фелети Тео 2050 он гэхэд улсынх нь газар нутгийн талаас илүү хувь нь, 2100 он гэхэд 90 хувь нь далайн усанд автах эрсдэлтэй байгааг онцолжээ.
2022 онд Египетийн Шарм Эль Шейх хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 27 дахь бага хурал дээр Тувалу улс зөвхөн цахим орчинд оршин тогтнох анхны улс болох төлөвтэй байгааг зарлаж байсан ба түүнээс хойш Тувалу улсын засгийн газар газар нутгаа цахим орчинд дижитал хэлбэрээр бүтээх, түүх болон соёл уламжлалаа архивлах, засгийн газрынхаа бүс яам агентлагуудыг цахимд шилжүүлэх ажлуудыг эхлүүлжээ. Тувалу улсын эрх баригчид эдгээр ажлууд нь эх орон нь газар нутаггүй болсон ч улсынх нь мөн чанар хадгалагдан үлдэж, тусгаар улсын хувиар оршин тогтнох боломжийг олгооно гэж найдаж байгаа аж.